Д.Очирбат 2017.12.18 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д Бусан хотод ажлын айлчлал хийлээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д Бусан хотод ажлын айлчлал хийлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод ажлын айлчлал хийлээ.

Энэхүү айлчлал зорилго нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлэх, Бусан хотын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцох явдал байлаа.

Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны Тохиролцоонд тусгагдсан “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч Кушин их сургуулийн эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай танилцав.

Тус эмнэлгийн зүгээс өөрийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1000 орчим ортой, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм. Орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр тэргүүлэх эмнэлгийн нэг юм. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн “Сөүл Төсөл’-ийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж, Кушин их сургуулийн эмнэлэгт олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өглөө.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Бусан хотын захиргаа болон эрүүл мэндийн бусад байгууллагуудаар зочилж, цаашид хоёр талын хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг өргөжүүлэх, эрүүл мэндийн байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж, нутагшуулах, хүний нөөцийг чадавхжуулах, харилцан мэдлэг,  туршлага, эмч мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсоноор айлчлал амжилттай өндөрлөлөө.