Ч.Улаан 2017.12.18 | Телевиз: МН25-р суваг

Ч.Улаан: Улсын төсөвт улс төрийн сонирхлоор хандахыг зогсооё

Засгийн газраас боловсруулсан төсвийг УИХ батлахдаа зардал нэмсэн санал оруулахгүй, орууллаа гэхэд заавал хамтад нь оруулж ирэх гэсэн заалтыг Үндсэн хууль болон Төвсийн тухай хуулийг өөрчлөх замаар шийдэх боломжтой гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан хэллээ.

-Улсын төсвийг жил бүр батлахдаа Засгийн газрын оруулж ирсэн тооцоог УИХ-ын гишүүд тойргийнхоо зардлыг лоббидож оруулах байдлаар  зардал эрс нэмэгддэг. Үүнээс болоод Засгийн газар эргээд хариуцлага тооцъё гэхээр УИХ нь өөрөө давхар оролцогч болдог учир төвөгтэй байдал үүсээд байна. Үүн дээр ямар зохицуулалт шаардлагатай гэж бодож байна вэ?

-УИХ дээр өргөн баригдсан төсвийг сайжруулж сайжруулж баталвал улс эх орны ашигт нийцнэ. Харамсалтай нь УИХ дээр хэлэлцэх явцад төсвийн үзүүлэлтүүд сайжрахгүй байгаа дутагдал олон жил давтагдлаа. Тийм учраас УИХ зардал нэмэгдүүлэх санал гаргавал түүнийг нөхөх  эх үүсвэрийг хамтад нь оруулах маягаар хуулийн зохицуулалт хийе гэдэг санал хэд хэдэн удаа яригдаж байсан. Дэлхийн бусад улс орнуудад ийм хязгаар байдаг. 

-Зардал нэмэх санал оруулбал эх үүсвэрийг нь хамтад нь оруулж ирэх ёстой гэдэг заалтыг Үндсэн хуулинд оруулах боломж байгаа юу?

-Төсвийн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар санал боловсрогдож байсан. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд энэ асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж бодож байна. Ер нь бодлогын түвшинд аль болохоор төсвийн үзүүлэлтийг сайжруулж, орлогоо дайчлах, зардлаа оновчтой болгох, ирээдүйд учирч болох дарамтыг багасгах, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн зохицуулалтыг Үндсэн хуулинд оруулах нь зүйтэй.