Бат-эрдэнэ.Ж 2017.12.18 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжиж, хүнд суртлыг арилгана

Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжиж, хүнд суртлыг арилгана

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  

Монгол улсын хөгжлийн нэг гарц,  гадагшаа гарах гол хаалга нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалаар дамжуулан жуулчид, тэр дундаа хамтран ажиллах, гадны хөрөнгө оруулагчдыг татах энэ хаалганы түлхүүр нь агаарын тээвэр гэж харж байна. Тиймээс та бүхний ололт амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын түвшинд шийдэх асуудлуудыг сонсохоор өнөөдрийн уулзалтыг хийж байна гэдгээ тэрээр уулзалтын эхэнд тодотгосон юм.

Агаарын тээврийнхний хувьд салбарын зовлон жаргалыг ойлгодог сайдтай болсондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ бодлогын түвшинд шийдүүлэх хүсэлттэй ирсэнээ энэ үеэр танилцууллаа.

“МИАТ” ХК-ийн хувьд техник, технологи, хүний нөөц, агаарын хөлгийн парк шинэчлэлийн хувьд багагүй хөрөнгө оруулах шаардлагатай. Өрийн дарамт, жижиг зах зээлтэйн зовлон, гадаадын авиа компаниудын өрсөлдөөн гэх мэт хүчин зүйлээс хамаараад хөрөнгө оруулалт хангалттай хийж чадахгүй байгаа.

Түүнчлэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалруу нүүх зардал өндөр, 2013 онд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 120 гаруй сая ам.доллар зээлж, “Боинг-767” онгоц худалдаж авсан өрийн үлдэгдэл 70 орчим сая ам.доллар үлдсэн байна.

Харин “Аэро Монголиа” ХХК-ийн хувьд багагүй хэмжээний шатахууны өртэй. Энэ ужгирсан өрийг тэглэх эсвэл царцаахад анхаарч өгөөч. Агаарын тээврийн салбарыг төрөөс дэмжиж анхаарахгүй бол дотоодын авиа компаниуд үүдээ барихад ойрхон байна. Шатахууны монополь эрхийг халж, олон эх үүсвэртэй болох асуудал дээр хүсэлттэй ирсэнээ энэ үеэр хөндлөө.

“Хүннү Эйр” ХХК-ийн хувьд шинээр олон улсын нислэг хийхэд эхний гурван жилдээ алдагдалтай байдаг тул энэ хугацааны зорчигчийн ТАХ-ыг хөнгөлөх, дотоодын нислэгийг төрөөс дэмжээд НӨАТ-аас чөлөөлчихвөл тийз 10 хувь хөнгөрөх боломжтой.

Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын шинэ зам нээх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг тавьсан бол АЖТ ХХК-ийн хувьд “Агаарын өндрийн хэмжээг журманд 6000 км гээд заачихдаг, бага оврын хөлөгт таардаггүй гэхчилэн асуудлууд их байна. Нисэхийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах тэр дундаа дотоод журмуудад бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэлээ.

“Тэнгэрийн улаач”, “Блю скай”, “Toмас Эйр” ХХК-ийн хувьд нисдэг тэрэг, жижиг онгоцны  нисгэгч бэлтгэх боловсон хүчин муу, агаарын тээврийн байцаагч нарын мэдлэг чадвар дутмаг, хэт өндөр шаардлага тавьдаг, одоогийн агаарын тээврийн дүрэм, журмууд хуучирсан  шинэчлэх шаардлагатай  гэдгийг хэлж байлаа.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлын хүрээнд хэлсэн үгэндээ “Хууль, дүрмэнд өөрчлөлт хийх ажлын хэсэг гарсан. Та бүхэн орж ажиллахад нээлттэй, өөрсдөө бас санаачилгатай байгаарай.  Бид ААН-үүдээ эдийн засгийн талаас нь хөгжих, томрох улам сайжрах өөрчлөлтийг оруулахад анхаарч ажиллана.

Та бүхний ашигтай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгоход бодлогоор дэмжинэ.

Тухайлбал дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, ОУ-ын нислэгийг дэмжих, агаарын шинэ зам нээх зэрэг асуудалд яам бодлогоор дэмжиж, хэлэлцээр хийхэд бэлэн. Хамтарсан ажлын хэсэг байгуулаад асуудлаа болохоос нь болохгүйг нь хүртэл шийднэ.

Яаманд, энэ салбарт байгаа чангалдаг, асуудлыг удаадаг хүнд суртал цаашид байхгүй. Монгол улс 10-н жилийн өмнө 470 мянган жуулчин жилдээ ирдэг байсан бол өнөөдөр тэр тоо байрандаа байна. Эндээс харахад хаалттай улс болсон гэж би хувьдаа харж байна.

Тиймээс нээлттэй болгоход, манай яам, тэр тусмаа агаарын тээврийн салбарынхан та бүхний үүрэг оролцоо их. Аялал жуулчлалыг өргөжүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сэтгэлийг бий болгоход анхны сэтгэгдлийг бид тавина. Тиймээс та бүхэн ч анхаарч ажиллаарай гэдгийг уулзалтынхаа төгсгөлд онцоллоо.