Б.Батзориг 2017.12.16 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Худалдаа, үйлчилгээний салбарынхаа үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүллээ

Худалдаа, үйлчилгээний салбарынхаа үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүллээ

Монгол улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой 12-р сарын 16-ны өдөр тохиолоо. Ардын хувьсгалтай нас чацуу манай улсын ууган салбар болох худалдаа, нийтийн хоолны салбар нь ДНБ-ний 16,2 хувийг эзэлж байна.

2016 оны байдлаар нийтийн хоолны салбарын орлого 231,4 тэрбум төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 11,2 хувиар өссөн, энэ салбарт 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 731 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 9218 хүн ажиллаж байна. Харин үйлчилгээний салбарт үсчин, гоо засал, хувцас захиалга, нийтийн халуун ус зэрэг 13 үйлчилгээний хамрагддаг. Нийслэлд 2016 оны байдлаар нийт 3207 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 2000 хүн ажиллаж байна.

Худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон Дэд сайд Ж.Сауле нар салбартаа сайд, дэд сайдаар ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд асан, Монгол Улсын Засгийн Газрын Шадар сайд асан, Гавьяат эдийн засагч Б.Шаравсамбуу,  Худалдаа Бэлтгэлийн яамны нэгдүгээр орлогч сайд асан, Худалдаа Хамтын Ажиллагааны Яамны нэгдүгээр орлогч сайд асан Л.Пүрэвдорж,  Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат Ц.Намсрай,  Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд асан  Худалдааны гавьяат Н.Бэгз, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат Ж.Чулуунбаатар, Гадаад Худалдааны Яамны сайд асан,  Гавьяат эдийн засагч Ж.Дулмаа,  Гадаад Худалдааны Яамны орлогч сайд асан Ю.Аюуш,  Гадаад Худалдааны Яамны орлогч сайд асан Ц.Ёндон нар хүрэлцэн ирж, салбарынхаа ололт амжилтын тухай хуучиллаа.

Монгол улсын худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байгааг үе үеийн ахмад сайдууд онцлоод цаашид худалдааны тухай хуулийг оновчтой боловсруулж, батлуулах тал дээр анхаарч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос хүслээ. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Худалдаа, нийтийн хоолны салбарын ололт амжилт, эдийн засаг, улс орны хөгжилд үзүүлж байгаа үр дүн нь худалдааны үүргийг гүйцэтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг тэмдэглэн хэлээд салбарынхаа нийт хамт олонд Монгол улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой баярын мэндийг  дэвшүүллээ.