Монгол улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндчилгээ
2017.12.18

Монгол улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндчилгээ

Ардын хувьсгалтай нас чацуу манай улсын ууган салбар болох үндэсний худалдаа үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан салбарын нийт ажилтан, ажиллагсад, бизнес эрхлэгчид болон хөгжлийн түүхийг хөдөлмөрөөрөө бүтээлцсэн эрхэм хүндтэй ахмадууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар Монголын худалдааны анхны байгууллага болох Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн яамны харьяанд байгуулснаар үндэсний худалдааны салбарын суурь тавигдаж, өдгөө нэгэн зуу шахам жилийн түүхэнд Монгол улсын худалдааны бодлого тухайн цаг үеийн улс төрийн байдал, хөрш орнуудын гадаад бодлогоос ихээхэн хамаарч, хөгжлийн бүх үе шат, нийгэм, эдийн засагт чухал байр суурийг эзэлсээр ирсэн.

Чөлөөт олон талт худалдааны зарчмыг баримтлах болсны үр дүнд Монгол улс дэлхийн 159 оронтой худалдаа хийж байна. Мөн дотоод худалдааны салбар нь ДНБ-ний 16,2 хувийг эзэлж, 200 мянган хүнийг ам бүлдээ багтаасан өнөр айл болоод байна.

Монгол улсын худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд салбарын ололт амжилт, эдийн засаг, улс орны хөгжилд үзүүлж байгаа үр дүн нь худалдааны үүргийг гүйцэтгэж ирсэн үе үеийн худалдаа эрхлэгчид, худалдаачид, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн олон жилийн хөдөлмөрийн үр шим гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Үйлдвэржилтийн 21:100”, “Ноолуур”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих бодлогын хүрээнд худалдааны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдааны сүлжээ, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн, хүн амыг хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээр нь хангах соёлтой, хөнгөн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх эрхэм үйлсдээ арвин их амжилтаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ