Ц.Гарамжав 2017.12.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 12 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар санал хэлсэн. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хүнс, хөдөө, аж ахуйн салбарт хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүн, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээний талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдал, 40 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хэдийнээс, хэрхэн түгээх гэж байгаа талаар мэдээлэл хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Түүнчлэн  Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжсэн. 

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.