Даваасүрэн.Ц 2017.12.21

ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа.

Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байгаа юм.

Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нь 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч бүрэн нөхөж чадахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна.

Тиймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд 2.3, 2019 онд 2.4, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.