Хуулийн тодорхой бус зохицуулалтаас шалтгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүсч буй бэрхшээл
2017.12.21

Хуулийн тодорхой бус зохицуулалтаас шалтгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүсч буй бэрхшээл

Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа

Нэг. Удиртгал

Монгол Улсад мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ хэлэлцээрт тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбогдсон хэм хэмжээнд нийцүүлэх шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлаас шинэ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан хэрэгжүүлээд 5 сар өнгөрч байна.

Шинэ хуулиар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх ашгийг хангах, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчим бүрэн хэрэгжих нөхцөл бүрдүүлэх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хүний эрхэд халдах, хязгаарлах явдлыг хориглох зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулах зорилготой бөгөөд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн томоохон алхам болсон юм. Аливаа хуулийн сайн, муу эсхүл бодитой амтьралд нийцсэн эсэхийг практикт хэрэглэж үзсний үндсэн дээр тухайн хуулийн зохьцуулалтын алдаа оноог тодорхойлдог зарчимаар өнөөдөр дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж байгаа нь цаг үеээ олжээ.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын талаар

2.1 ЭХХШТХ-д "сэжигтэн” –г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байхаар уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт тодорхойлсон байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж хуульд заасан үндсэлэлээр сэрдэгдсэн, хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй субъект юм. Гэтэл хүнийг гэмт хэрэгт сэрдэж эхэлсэн үеээс, цаашилвал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхийн өмнө гэмт хэрэгт холбогдсон хүнээс ямар статусаар мэдүүлэг авах нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд[1][1]хүний халдашгүй байдал болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг баталгаажуулсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭХХШТХ-д сэжигтнээр тооцох, сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаа зохьцуулагдаагүй бөгөөд хэрэгт сэрдэгдэж буй хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь түүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчдын эрх үүргийг хуульчилсан атлаа "сэжигтэн”-ий статус, эрх үүрийг тодорхойлоогүй нь Үндсэн хуульд харшилж байна.

2.2  Гомдол мэдээллийг шалгах хугацаанд гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийг ямар статустай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь тодорхойгүй байна. ЭХХШТХ-ийн 8.1 дүгээр зүйлд "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг хуулийн 30.7 дугаар зүйлийн /Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах/ 1.3 дугаар хэсэгт гэрчээс мэдүүлэг авах тухай зохьцуулсан атлаа хохиросон талаар гомдол гаргасан хүн, хуулийн этгээдийг ямар статусаар мэдүүлэг авахыг тодорхойлоогүй тул практикт хохирсон тухай гомдол гаргасан хүн хуулийн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч байна.

Уг хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6, 1.8 дугаар хэсэгт хохирогч прокурор, мөрдөгчийн шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах эрхийг хуульчилжээ. Гэвч хэрэг бүртгэлтийн шатанд нэгэнт гэрчээр тооцож мэдүүлэг авсан тохиолдолд гомдол гаргасан хүн, хуулийн этгээд хохирогчийн эрх эдлэх боломжгүй нөхцөл үүсч байна.

2.3 Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд үүсч буй хуулийн нэр томъёоны зөрчилдөөний талаар

Өнөөдрийг хүртэл "Төрийн алба” "нийтийн алба” гэсэн 2 нэр томъёо зэрэгцэн оршиж байгаа бөгөөд "нийтийн алба” гэсэн нэр томъёог албан ёсоор тайлбарлаагүй, "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”хуулинд нийтийн алба гэж юуг ойлгох талаар огт зохьцуулаагүй бөгөөд "нийтийн алба” гэдэгт төрийн албыг бүхэлд нь хамруулан ойлгож иржээ.Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд "Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба” гэж тодорхойлсон бөгөөд хэрэв төрийн албыг нийтийн алба гэж ойлгох бол "төрийн албан хаагч” буюу "нийтийн албан хаагч”гэсэн нийтлэг субъектийн тухай ойлголт гарч ирнэ.

"Төрийн алба”-ны тухай хуулийн 11.1- д зааснаар "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч”  гэж тодорхойлсноор нийтийн албан тушаалтан бол төрийн албан хаагч юм.

НАНБХАСЗАСЗУСТХуульд "нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэл , "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал хэмээн тодорхойлсон нь нийтийн албан хаагч буюу төрийн албан хаагчид бус зөвхөн "нийтийн албан тушаалтанд” хамаарахаар тодорхойлогджээ.

Гэтэл "Засаглалын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар бичиг”-ийн 87 дахь талд[2][2]"Нийтийн ашиг сонирхол /public interests/ гэдэг нь хувь хүмүүсийн тус тусын сонирхлын нийлбэр, эсхүл тухайн нэг бүлгийн сонирхол биш, харин нийт иргэдийн нийтлэг сонирхол юм. Төрийн бүх албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг өөрсдийн болон хувийн ашиг сонирхлоос ангид байлгах үүрэгтэй байдаг. Энэ зарчим Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, үйлчилгээ үзүүлж байгаа хэн боловч тэдний төрийн жинхэнэ албан хаагч, орон тооны болон орон тооны бус, түр, гэрээт ажилтан, удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх, сайн дурын ажилтан байхаас үл хамааран бүгдэд хамааралтай” хэмээн томъёолсон байна.

Нийтийн алба нь нийт иргэдийн эрх ашигт нийцсэн төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж ойлговол уг албанд ажиллаж буй бүхий л субъектэд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, шударга хүргэх үүрэг хамаарна. Эдгээрээс эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй эмч, багш нар хамаарах бөгөөд "Авлигын эсрэг хуулийн” 4 дүгээр зүйлд авлигын эсрэг хууль хамаарах этгээдэд:

  • - Төрийн улс төрийн,  захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
  • -Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан-г хамааруулахаар тодорхойлжээ.

НАНБХАСЗАСЗУСТХ, Авлигын эсрэг хуулийн гол зорилго нь нийтийн албан хаагч, албан тушаалтан төрийн албыг хувийн ашиг сонирхлын төлөө "худалдаж”, "албаны бүрэн эрхийг” харшаар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх юм. Өнөөдөр монгол Улсад авлигад хамгийн их өртдөг салбарт эрүүл мэнд, боловсролын салбар тооцогдож байна.[3][3]

Тодорхой нарийн мэргэжил, авъяас, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал бүхий мэргэжлийн албан хаагч буюу эмч багш нар нь төрийн үйлчилгээний албан хаагч боловч  "удирдах” албан тушаалын ангилалд хамаарахгүй байгаа бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс  албан үүрэгтэй холбогдуулан бусдаас эдийн болон эдийн бус давуу тал авсан бусдад олгосон тохиолдолд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон зүйл буюу авлигын зөрчилд тооцохоор байгаа нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх тухай Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Авлигын эсэрг хуулийн 7 дугаар зүйл нь шинээр батлагдсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан байгааг дурьдах нь зүйтэй болов уу. 

Гурав. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь зарим зохьцуулалтын талаар

Хуулийн хэргжүүлэхэд явцад Эрүүгийн хуульд заасан зарим зүйл хэсэг эргэлзээ төрүүлж, зүйлчлэхэд хүндрэл бэрхшээл учруулж байгаа, хуулийн зарим нэр томъёо албан ёсны тайлбаргүйгээс хуулийг нэг мөр ойлгоход бэрхшээл учирч байгаа мөн ЭХХШТХ дахь зарим зохьцуулалт ойлгомжгүй байгаа тухай мөрдөгч, прокуророос тодорхой хэргийн жишээн дээр илэрхийлж байна.[4][4Хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагын талаар товчлон дурьдвал: [5]

Гурав. ЭХХШТХ дахь зохицуулалтын талаар

3.1. Мөрдөгчийн эрхийн талаар

ЭХХШТХ-ийн 6.2 дугаар зүйлд мөрдөгчийн эрхэд "прокурорын даалгаврыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрх”-ийг зааж өгөөгүй бөгөөд Прокурорын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.Прокурорын даалгаврыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт санал гаргаж болно. 33.6.Дээд шатны прокурор саналыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хянаж тогтоол гаргана гэж зохьцуулжээ.

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход чиглэгдсэн хууль тул мөрдөгч Прокурорын тухай хуулийг удирдлага болгож прокурорын даалгаварыг эс зөвшөөрч санал бичих боломжгүй болж байна.

3.2. Оролцогчдын тэгш эрхийг хангах талаар

ЭХХШТХ-ийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогч хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан тохиолдолд хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй гэсэн атлаа яллагдагч нь "мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” /ЭХХТХ-ийн 7.5.4/ гэж хуульчилсан нь оролцогчидын хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг ялгавартайгаар тогтоож ЭХХШТХ-ийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна.

Дөрөв. Дүгнэлт, санал

1.   Прокурорын даалгаварыг эс зөвшөөрч санал гаргах мөрдөгчийн эрхийг процессийн хууль тусгах

2.   ЭХХША-ны оролцогчдын статусыг тодорхой болгож зохьцуулах

3.   ЭХХША-нд оролцогчдын эрхийг зохьцуулсан хуулийн заалтыг боловсронгуй болгож оролцогчдын тэгш эрхийг хангах

Нийтийн эрх ашиг зөрчигдөж нийтийн албыг хувийн ашиг олох хэлбэр болгож үйлдэгдэж буй Petty Corruption-той тэмцэхийн тулд хамрах субъектийн хүрээг өргөжүүлэх шаардлагатай.

[6][1] Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.

[3][3] https://www.adb.org/sites/default/files/linked-documents/cps-mon-2012-2016-ra-mn.pdf

Азийн хөгжлийн сангаас явуулсан судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж, төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ

[4][4] УЕПГ-ын Сургалт, судалгааны төв нь 2017 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал, сургалтын чиглэлээр прокурорын байгууллагын нийт 31 нэгжээс 300 орчим саналыг авч нэгтгэсэн болно.