Бат-Эрдэнэ.Б Ц.Даваасүрэн 2017.12.21

Б.Бат-Эрдэнэ: Бор-Өндөрт аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бүрэн боломжтой

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эрчим хүчний салбарын зарим гол ажлуудын талаар салбарын сайдаас асуулаа.

Оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Оюутолгойн эрчим хүчийг Монголоос авах ёстой байсан. Энэ хэрэгжээгүй. Одоо Хятадаас эрчим хүч авч байгаа. Сайд ирэх оноос үүнийг өөрлөх санал оруулна гэж байна. Үүнээс ч аюултай зүйл байна. Дэлхийн хурдацтай хөгжил, техник технологийн хөгжил, байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийн байдлуудаас үүсэлтэйгээр олон улс атомын цахилгаан станцуудаас татгалзаад эхэлчихсэн, цаашид нүүрсний цахилгаан станцын ирээдүй тодорхой болж буй энэ үед бид өөрсдөө нүүрсний цахилгаан станцаа барьж чадахгүй хэмжээнд байна.

Хоёрдугаарт өнгөрсөн парламентад бид хамтарч Эрчим хүний хоёр том бодлогын баримт бичиг баталсан. Үүнд улс орны эрчим хүчний сүлжээгээр холбох том зорилт байсан. Энэ ямар түвшинд байна вэ? Өөр нэг зүйл бол сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг бодлогын түвшинд хэрхэн авч үзэж байна вэ?

Таныг Эрчим хүчний сайдаар томилогдохоос өмнө манай Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх гээд хоёр суманд бага оворын нарны эрчим хүчний станц барихаар явж байсан. Энэ ажил ямар түвшинд явагдах бол?

Бид бэлэн энэ Бор-Өндөрийг түшиглээд аж үйлдвэрийн парк байгуулах бүрэн боломжтой байгаа. Энэ яригдаж байсан зүйлс дээрээ Та анхаарч ажиллаарай

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станцад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа

“Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээнд дээр эрчим хүний заасан заалт бий. Үүнийхээ дагуу явах ёстой. Өөр тэр бусад гэрээг цуцлаад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Эрчим хүний нэгдсэн систем бий болгох бол хамгийн тэргүүний асуудал. Үүнд хамгийн чухал нь усан цахилгаан станцын асуудал байгаа. Тиймээс усан цахилгаан станцад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Бид бололцоо л байх бол хэдийг ч байгуулж болно. Харин сэргээгдэх эрчим хүч болох нар, цахилгааны хувьд тодорхой эх үүсвэрийн өсөлттэй уялдуулж, хязгаарлагдмал хөгжүүлэх ёстой.

Салхи, нартай үед өндөр хэмжээгээр цахилгаан үйлдвэрлэчихээд, бага үед дутагдал үүсдэг учраас энэ зөрүүг ОХУ-аас авах болдог. Энэ нь өөрөө хараат байдлыг улам нэмэгдүүлдэг. Мөн нар, салхины тариф өндөр гэдгийг бид бодох ёстой. 3 дахин өндөр ч тусаж магадгүй. Ялангуяа өндөр өртөгтэй цахилгаан өгвөл малчдын нуруу дээр хүндээр тусна.