Л.Болд 2017.12.20 | Сонин: Монголын мэдээ

Л.Болд: Гитлерийн замаар л явах сонирхолтой байна

Л.Болд: Гитлерийн замаар л явах сонирхолтой байна

УИХ-ын гишүүн Л.Болдыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

 

-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж олон хүн хэлж байна. Өөрчлөх ёстой юм байж. Харин чухам ямар зүйл, заалтыг нь өөрчлөх ёстой гэж та бодож байна?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг үе үеийн парламен­тынхан ярьдаг. Энэ удаад ч гэсэн ярьж байна. Хэлэлцүүлэг хийж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөллийн үгийг сонслоо.

Ерөөс Үндсэн хуулийг өөрчлөхөөр өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон оролдлого хийлээ. Сүүлийн оролдлого нь гэхэд ард түмнээс санал авсан. Гэтэл эрдэмтэн мэргэд, Үндсэн хууль батлалцаж явсан хүмүүс ард түмнээс санал авсан, хийж хэрэгжүүлсэн гээд байгаа ажлынх нь үр дүн жул байгааг хэлж байна. Ийм зүйлийн төлөө Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа бол арай биш ээ гэж хэлэх ч хүн байгаа. Үндсэн хууль өөрчлөх том асуудал байж болно.

Гэхдээ түүнийгээ олоогүй байна. Энэ удаагийн Үндсэн хууль өөрчлөх гэсэн оролдлого дэндүү явцуу, цагаа, байгаа олоогүй. Зүгээр л Үндсэн хуулиараа оролдсон, хүүхдийн тоглоом шиг л юм хийх гээд байна. Эцсийн зорилго нь Ерөнхийлөгч рүү чиглэсэн. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудал ярьсан.

Тэр нь бүтээгүй болохоор одоо эрх мэдлийг хумих гэж оролдож эхэллээ. Төрийн албан хаагчдыг ухуулж, санал авахад 50 гаруй хувь нь дэмжсэн гэх мэтээр ярьж байна. Гэтэл ард түмэн тийм саналыг дэмжихгүй ээ. Ард түмэн өөрсдийнхөө сонгосон Ерөнхийлөгчийг наад зах нь хууль санаачлах, Засгийн газартайгаа хамтран ажиллах эрхийг нь хязгаарлая, хасъя гэж санал өгөхгүй.

Ард түмнээс сонгогдсон хүнийг ямар ч эрх мэдэлгүй, “мануухай” болгоё гэх хүсэл нэг ч хүнд байхгүй. Харин сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан хүчний төлөөлөл ялалт байгуулсан учраас эрх баригчид боож үхэх нь дутаж байна. Сүүлдээ Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй болгох гэж үзлээ.

Одоо эрх мэдлийг нь хумиж, буланд шахах гэж оролдож байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг л хумьчихвал бид сайхан болоод, хагарал хуваагдал гайгүй болчих юм шиг ухуулга хийж байгаа. Өөрсдийнхөө дотоод асуудлыг бусад руу чихэж, ард түмнийг хуваах гэсэн оролдлого л гэж харж байна.

-Хуулийн өөрч­лөлт хэрэг­жиж эх­лэ­хээс авахуулаад Ерөн­хий­лөг­чийн эрх мэд­лийг хумина. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эр­хийн хугацаанд ямар ч нө­лөөлөх үндэс байхгүй гээд ухуулаад байгаа шүү дээ?

-Нэгдүгээрт, энэ Ерөн­хий­лөгч дахиад сонгуульд өрсөлдөх боломжтой. Энэ дөрвөн жилдээ хуучин хуулиараа ажиллаад. Дахинд сонгогдох юм бол өөр хуулиар ажиллах болчихоод байгаа биз. Хэрвээ хууль батлагддаг юм аа гэхэд. Нөгөө талаар, энэ Ерөнхийлөгчид хамаарахгүй гэдэг нь худлаа. Өмнө нь яаж хуурч байсан билээ. Хэрэгжилтийн хугацаа нь арай болоогүй гэж бат­луулчихаад, сүүлийн моментад одоо шууд хэрэгжиж эхэлнэ гээд санал хураачихаж байгаа юм. Тэдэнд эрх нь байна. Олонхиороо шийдээд явчихна. Ийм увайгүй заль өмнө нь хэрэглэж байсан. Дахиад ч хэрэглэхгүй гэх газаргүй. Өөрсдийг нь сонгоогүйн төлөө ард түмнээсээ өшөө авах, бахаа хангах гэсэн хамгийн увайгүй алхам гэж харагдаж байгаа.

-Ардчилсан намаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт төлөөллөө оруулсан. Зөв өөрчлөлтүүдийг хийх, саналаа тусгах зорилготой ажиллаж байгаа байх. Та бүхэн чухам юу хийж, ямар санал оруулж байна?

-Зөвхөн Ардчилсан нам гэлтгүй бусад улс төрийн хүчний төлөөлөл ч орж байгаа. Орохгүй, хамтран ажиллахгүй гээд гадна талд нь суувал тэнэг хэрэг болно. Дотор нь ороод, байр сууриа илэрхийлээд, нөлөөлж чадах юм байвал нөлөөлөөд. Мэдээллийг нь анхны эх сурвалжаас аваад, гадагшаа мэдээлж байгаа. Би яг ийм зарчмаар л ажиллаж байна. Тэдний хийж байгаа зүйл нь эцсийн дүндээ жүжиг тоглож байгаад Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгийг болиулах зорилготой. Наанаа болохоор их гоё гоё юм ярьж байгаа. Дархан, Эрдэнэтийг хот болгох. УИХ-ыг хянах функцийг нэмэгдүүлэх гэх мэтээр ард түмний хүсч байгаа зүйлийг хийх гэж байгаа мэт. Харин цаад талын эцсийн зорилго бол гурав дараалаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан өшөөгөө л авах гээд үзээд байна. Ард түмнийг эрх мэдэлгүй болгож байгаад төрийн эргэлт хийх гэж байгаа юм. Энэ бол Үндсэн хуулийн аргаар хийж байгаа төрийн эргэлт. Гитлер яг тэгсэн шүү дээ. 1933 онд хүчин төгөлдөр Ардчилсан Үндсэн хуулийн дагуу сонгогдоод, Засгийн эрх авсан. Дараа нь Үндсэн хуулиа өөрчлөөд, өөрийгөө Ерөнхийлөгч болгосон. Тэгээд бүх хүний эрхийг хязгаарлаад, нэг хүний дарангуйлал тогтоогоод явчихсан. Тийм л замаар явах сонирхолтой юм байна гэж л бодоод байна.

-Ерөнхий сайд нь эрх мэдэлгүй байна. Эрх мэдлийг нэмж өгмөөр байна гэж судлаачид нь хүртэл яриад байгаа?

-Ерөнхий сайдад ямар эрх мэдэл дутаад байгаа юм. Ч.Сайханбилэг яасан билээ. Ямар эрх мэдэл нь дутсан Ерөнхий сайд Дубайд очоод Оюутолгойн гэрээг хийчихдэг юм. Ямар эрх мэдэл нь дутсан Ерөнхий сайд Эрдэнэтийг аваад, хувийн компанид өгчихөж чадаж байна. Ийм асуудлуудыг яриад байгаа биз дээ. Эрх мэдэл дутсан хүн мөн үү. Ийм зүйлүүдийг хийхээрээ эрх мэдэл нь хангалттай хүрдэг. Харин Ерөнхийлөгч хажуугаас нь жаахан хяналт тавих гэхээр эрх мэдэл нь хэтрээд байна гээд байдаг. Ийм хоёр нүүртэй байж болохгүй биз дээ. Монгол Улсын Ерөнхий сайдад дутсан эрх мэдэл огт байхгүй. Сайд нараа өөрөө томилж байна. Хэнийг танхимдаа оруулах, хэнийг огцруулах вэ гэдгээ өөрөө мэддэг. Үүнээс илүү ямар эрх мэдэл хэрэгтэй байгаа юм. Ерөнхий сайд, Засгийн газарт ажлаа хийе гэвэл бүх эрх мэдэл нь байна. Хууль бус юм хийх гэвэл харин Ерөнхийлөгч хяналтаа тавина.

-Гэхдээ Үндсэн хуульд оруулах шаардлагатай зүйл олон байгааг эрдэмтэн, мэргэд хэлж байна. Тухайлбал, хүний эрхийн чиглэлийн заалтууд. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхүүд хэрэгжихгүй байгаа асуудлыг ч яриад байна?

-Тэртэй тэргүй Үндсэн хуульд бүх заалтууд байгаа. Түүнийгээ л хэрэгжүүлэхгүй байгаа шүү дээ. Дагалдаж гаргах, баталгаажуулах ёстой хуулиудаа гаргахгүй байна. Үндсэн хуулиа зөрчсөн 200 хууль манайд бий. Тэр хуулиудаа засчихвал Монгол шиг сайн Үндсэн хуультай орон байхгүй. Мэдээж хэрэг дордуулсан долоон өөрчлөлт гай болж байгаа. Үндсэн хуульд одоо хийх ганцхан өөрчлөлт байгаа нь дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгэх юм бол Их хурал нь хангалттай ирцтэй хуралддаг болно. Төрийн бүх шатны хариуцлагын тогтолцоо нэмэгдэнэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, хүчирхийлэл хэлмэгдүүлэлтийг хязгаарлах гээд бүх зүйл хэрэгжих боломж бүрдэнэ. Ганцхан тэрийг л хүсэхгүй байна, эрх баригчид. Өөрсдийнхөө замбараагүй эрх мэдлээ авч үлдээд, дээрээс нь Ерөнхийлөгчийн хяналт­гүйгээр. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгож байгаа гээд тооцвол ард түмний хяналтгүйгээр дураараа дургих эрхээ олж авахын төлөө улайрч байна. Энэ туйлын аюултай зүйл. Ингэх л юм бол хувьсгал гарна. Үндсэн хуулийн эсрэг аливаа үйлдэл Ардчилсан хувьсгалын үр дүнг үгүй хийсэн алхам болно. Үүний эсрэг дахиж Ардчилсан хувьсгал хийж байж өөрчилж чадна. Өмнө нь бид бүх талаасаа ярилцаад, асуудлаа шийдээд явсан. Энэ удаад ард түмний эрх мэдэл рүү дайрвал долдугаар сарын 1 шиг ч зүйл болохыг үгүй гэх газаргүй. Ийм буруу зүйл хийсэн нам үлдэх эрхгүй болох байх аа.

-Үндсэн хуулийг хамтарсан Засгийн газрын үед өөрчилж чаддаггүй юм. МАН 65 суудалтай байгаа дээрээ л Үндсэн хуулиа өөрчил. Одоо л түүхэн нөхцөл нь бүрдлээ гээд зарим эрдэмтэд хэлээд байна шүү дээ?

-МАН-ын 33 нь Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм уу. 32 нь өөрчлөх гээд байна уу. Энэ чинь өөрөө маргаантай болчихож байгаа биз. Би дахиад хэлье. Үндсэн хуулиараа оролдож, дайрах ямар ч шаардлага байхгүй. Харин Үндсэн хуулиа зөрчсөн тэр олон хуулиа засч, янзал. Америкийн Үндсэн хууль батлагдаад 200, 300 жил болж байна. Одоо ч зарим зүйл, заалт нь тэр үеийнхээ хэллэгээр явж байгаа. Уншихад маш болхи ч юм шиг. Гэхдээ үндсэн агуулгыг нь ард түмэн ойлгоод, шүтээд явдаг. Зайлшгүй засах ёстой зүйл гарвал өөрчлөлтүүдээ оруулна. Дэлхийд санхүүгийн том хямрал боллоо, тэнд бараг дахиад хувьсгал болж, иргэний дайн болох дөхсөн. Гэтэл парламентаа түгжиж сууж байгаад, 100 гаруй хоногт Үндсэн хуулиа зөрчсөн бүх хуулиудаа зассан. Эргээд АНУ дэлхийн хамгийн том гүрэн болоод босоод ирсэн. Бид тэр сайн жишгийг яагаад дуурайж болохгүй гэж.

-Эрх баригчид олонхиороо эрдээд Үндсэн хуулийг өөрчлөх нь л дээ. Юунаас ч айхгүй шинжтэй байна?

-Харин тэгж л харагдаад байна. Тиймээс би анхааруулж байгаа юм. Та нар галаар тоглож байна шүү.

-Таныг дипломатич гишүүн гэж хардаг. Гэтэл сүүлийн үед “поп”-рох маягтай боллоо, зохихгүй байна гэж харах хүмүүс ч байна?

-Хүн хүн л өөрийнхөө өнцгөөс харна. Тэгж ойлголоо гээд би буруутгахгүй. Гэхдээ юуг популист гэх юм. Юуг нь биш гэж ойлгох юм бэ гэдэг чинь бас сонин. Үнэхээр эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хамгаалах шаардлага байгаа юу гэвэл тийм. Ерөнхий сайдаасаа авахуулаад мөрдүүлж, мөшгүүллээ. Бараг л шоронд орох шахсан. Нэг талд нь барьж авч шоронд хийнэ гээд. Нөгөө талд нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд явсан. Энэ бүхний цаана болохгүй байгаа зүйл их байгаа биз. Энэ мэт асуудлыг ярьсныг популист гэж ойлговол уучлаарай. Хүмүүсийн өөрсдийнх нь хүмүүжилд л энэ асуудлыг орхиё доо.

-Та хэдийг нээлттэй сонсгол хийж байхад нөгөө талд УИХ хаалттай хуралдаад, Б.Хурцыг Элчин сайдаар томилчихсон биз дээ?

-Ялгаа л харагдлаа. УИХ-д аливаа зүйлийг хууль журмынх нь дагуу хийчихье. Ард түмнээ нэн тэргүүнд тавья гэсэн бодолтой хүн цөөхөн байна. Ард түмэн юуны төлөө энэ их эрх мэдлийг өгсөн билээ дээ. Гэтэл ард түмнийхээ төлөө ажиллахыг хүсэхгүй байна. Бидний ярьсан зүйл үнэн байгаа нь хаалттай хуралдаанаар батлагдлаа. Хийсэн хэлэлцүүлэг, ярьсан бүхэн маань популизм биш амьдралд ойрхон, ард түмнээ сонссон хурал болсон гэдгийг хүн болгон ойлгосон байх. Түүх энэ бүхнийг шүүнэ гэж би харж байгаа.

-Хууль зүйн сайд Ц.Ням­дорж, Элчин сай­даар томилогдсон Б.Хурц хоёрын дунд асуу­дал өр­нө­лөө гэж нийгэм даяараа харж байна. Гэтэл тэр хоёр дунд та хавчуулагдчихаж байгаа юм биш үү. Тэгж харагдаад байна?

-Ямар өнцгөөс харж байгаагаас л шалтгаална. Нээлттэй хэлэлцүүлгээр, хэний, юуны хооронд, энэ бүхний цаана юу байгааг тодорхой харагдсан байх гэж бодож байна. Үнэхээр болохоо больж. Шинэ цаг үеийн хэлмэгдэл бий болж байгаа нь харагдлаа. Хуулийг дур зоргоороо хэрэглэдэг, хүний эрхийг зөрчдөг, байж болмооргүй тогтолцоо бий болчихож. Энэ бүхнийг ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрчлөхгүй юм бол цаашид Монгол Улсын хувь заяа эмгэнэлтэйгээр дуусна. Энэ бүх зүйлд ард түмэн нээлттэй хариултаа авах ёстой. Бүх зүйл зөвөөр, шударгаар шийдэгдээд явах хэрэгтэй. Маргааш надад ямар нэг зүйл тохиолдоход төр шударга талд үйлчилнэ гэдэг итгэл ард түмэнд байх ёстой юм. Тэр л өнөөдөр алдагдчихаж. Энэ бүхнийг засах зайлшгүй шаардлага байна гэдгийг бид ярьсан. Өөр сүртэй зүйл юу байна аа.

-Хойд Солонгосоос бичиг ирсэн гэх асуудал яригдсан. Ц.Нямдорж сайд шалгаж үзсэн, тийм бичиг ирээгүй гэж ярьсан. Сүүлдээ АТГ-т тийм бичиг ирсэн, шалгаж байгаа болж таарсан л даа. Энэ асуудалд нэг тайлбар өгөөч?

-Тэр бичгийн чинь талаар телевизийн ярилцлагын үеэр хэлсэн шүү дээ. Аль зургадугаар сард ирсэн гэж байгаа юм. Ирсэн ч юм уу. Ямар ч бүртгэлгүй, тамга тэмдэггүй бичиг. АТГ зориуд хоёр ухагдахуунтай мэдэгдэл хийж байгаа юм.

Нэгдүгээрт, тийм бичиг ирсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж худлаа ярьсан гэж ойлгуулахын тулд. Аль зургадугаар сард ирсэн юм бол яагаад өдий болтол чимээгүй далд хийчихсэн юм. Гэтэл өнөөх асуудал нь сая босч ирж байгаа юм. Нөгөө талд, би АТГ-ын даргаас очиж асуусан. Тэр бичиг чинь ямар учиртай юм бэ. Та нар ямар мэдэгдэл хийчихэв ээ гэж. Гэтэл бүртгэлгүй, нэргүй бичиг хувь хүн авчирч өгсөн.

Яаж ч болохгүй хадгалж байсан гэх утгатай зүйл ярьсан. Дээр үед нэргүй бичгээр эрүүгийн хэрэг үүсгээд, хүний амьдралыг сүйрүүлдэг байлаа. Одоо бол хориглочихсон. Би бас Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас энэ талаар асуусан. Бид мэдээлэл өгч чадахгүй байна аа гэсэн. Тийм бичиг үнэхээр байгаа эсэхийг тодруулъя гэсэн. Улс хоорондын харилцаа.

Хүний эрхийн харилцаа. Дээрээс нь хууль ёсны нарийн төвөгтэй асуудлыг ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэд хэдэн хуулийн зөрчил гарч байгаа биз. Энэ бүхэн ил болсон. Угаасаа зургадугаар сард ямар зорилготой ийм бичиг “үйлдвэрлэсэн”. Яагаад өнөөдрийг болтол тэр дагуу шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоогүй юм.

Яахаараа Т.Дашдэлэг генералын мэдүүлэг гэж яригдаад байсан зүйл Хойд Солонгосын бичиг болоод хувирчихдаг юм. Энэ чинь өөрөө маш будилаантай асуудал. Энэ бол хүний нэр төрд халдах, улс төрийн зорилгоор шантааж, дарамт болгож ашиглах гэсэн оролдлого. Одоо бидний яриад, та нарын популизм гээд байгаа хууль ёсыг гажуудуулж, хүний эрхийг зөрчиж байгаа аймшигтай тогтолцооны илэрхийлэл. Энэ бүгд чинь биднийг үгээ хэлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

-Хууль бустай тэмцэе, шударга ёсыг тогтооё, өөрчлөх цаг болсон гэж бүгд ярьж байна. Хийж, хэрэгжүүлж байгаа хүн алга. Хэн үүнийг хийх юм бэ?

-Бид томилгооны сонсгол хийе гэсэн хүсэлт тавиад, 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Хоёр ч байнгын хороонд хандаад хийлгэсэнгүй. Аргагүйн эрхэнд бид өөрсдөө нээлттэй сонсгол хийлээ. Олон асуудлыг анх удаа сонслоо. Үнэхээр цочролд орж байна. Би тэр хүмүүсийн дэргэд огт хохироогүй хүн юм. Тэр хүмүүсийн ярьж байгаа хэрвээ үнэн бол нийгмийн хорт хавдар болж. Энэ бүгдийг өөрчлөх цаг болсон. УИХ-д бүрэн эрх нь байгаа шүү дээ.

Их хурлын гишүүд бид нээлттэй сонсгол явуулаад, тодорхой санал, дүгнэлтүүд гаргачихсан. Төрийн өндөрлөгүүддээ санал, дүгнэлтээ өгнө. Энэ нэг дэх алхам. Хоёр дахь алхам нь, бид УИХ-ын ажлын хэсэг байгуулахыг шаардана. Байгуулж ажиллуулна.

Ард түмэнд үнэн бодит мэдээллийг хуулийн байгууллагаар гаргуулж өгнө. Гуравдугаарт, энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь. Өргөдөл, гомдол өгсөн 20, 30 хүн байсан юм билээ. Нээлттэй сонсголд 10 гаруйхан нь ирлээ. Түүний цаана 200, 300 хүний ч асуудал байгаа. Бид 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг цагаатгах ажлын комисс байгуулж, 20 гаруй жил судаллаа. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилд олон хүн хэлмэгдсэн.

Тэдний асуудлыг судлах хэрэгтэй. Шинэ цагийн хэлмэгдэгсдийн холбоо, цагаатгалын комисс байгуулах шаардлагатай болчихсон байна. Энэ талаар олон хүн хэлсэн. Өнөөдөр нэг ч хүн төрдөө гомдоод, шүдээ зуугаад явж байж болохгүй.

-Шинэ үеийн хэлмэгдүүлэлт гэж та хэллээ. Хэлмэгдэлтэд өртсөн тодорхой жишээ байгаа юу та бүхэнд. Тийм өргөдөл, гомдол ирсэн үү?

-Тийм санал гарсан. Хэн ч хилс хэрэгт унахгүй гэх баталгаа алга, өнөө цагт. Улсын Ерөнхийлөгч байсан гээд ч нэмэргүй. Н.Энхбаяр юу хийснийг би мэдэхгүй. Гэхдээ л тэнд хэлмэгдүүлэлт, хэтрүүлэлт явсан уу гэвэл тийм байх магадлал байна.

УИХ-ын гишүүн, сайд дарга нар гэлтгүй хэний ч хувьд энэ нөхцөл бий болчихож. Зөвхөн иргэн гэлтгүй. Юуг ч “нядалж”, захирч чадах “махны машин” бий болчихсон байгаа биз. Энэ чинь аюул. Ингэж Гитлер бий болсон юм. Ингэж дэлхий сөнөсөн.

-Тэр “махны машин” нь хэн юм. Хуулийн байгууллага юм уу?

-Эрх мэдэлтэй хүмүүс л байна шүү дээ. Эрх мэдэлтэй хүмүүс захиалга өгч байна. Эрх мэдлээрээ дамжуулж хийж байгаа. Механизмуудаа олж, бий болгож байна.

Ярилцсан: Н.Пунцагболд