Энхбаяр.Ж Сарангэрэл.Д 2017.12.27 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хавдар Судлалын Үндэсний төв ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, томографын аппараттай боллоо

Хавдар Судлалын Үндэсний төв ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, томографын аппараттай боллоо

Хавдар Судлалын Үндэсний Төвд "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Эрүүл мэндийн сайд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ

Монгол Улсын хүн ам сүүлийн 20 гаруй жилд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчнүүдээр зонхилон өвдөж байгаа төдийгүй эдгээр өвчин нь үр бүтээлтэй, ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа бөгөөд   хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зөв дадал зуршлыг хүн амд сурталчлах, түгээх, хэвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас тасралтгүй анхаарсаар ирсэнг онцоллоо.

Тус төв нь дэлхийд танигдсан брендийн, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий комьютер томографийн төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулж, яаралтай тусламжийн хэсгийг бие даасан алба болон өргөжүүлэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх цар хүрээгээ тэлж байна.

Стандартын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн тасагтай болсноор хорт хавдрын болон хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн 

"Ард иргэдийн дунд хорт хавдар бол аюултай өвчин гэсэн ойлголт газар авчээ. Гэвч энэ нь эмчилгээгүйдээ биш харин эмчлэгдэх боломжтой үед нь иргэд эмнэлэгт үзүүлж эрт оношлуулж чадахгүй байгаатай холбоотой. ХСҮТ жилдээ 10,000 хүн эмчилдэг. 

Жилд шинээр бүртгэгдэж буй хорт хавдрын 80 орчим хувь нь өвчний хожуу үедээ анх удаа оношлогдож байна. 

Айл болгон гал тогоондоо хөргөгчтэй байдаг. Хөргөгч хоолыг аюулгүй хадгалдаг. Яг үүнтэй адил эмнэлэг болгон Компьютер томографын аппараттай. Компьютер томографын аппарат нь дүрс оношилгоо хийж, эмчилгээний тактикийг зөв хийхэд маш чухал үүрэгтэй. 

ХСҮТ Toshiba брэндийн Aquilon Prime 80 загварын компьютер томографын аппараттай боллоо. Энэ нь нэг удаагийн эргэлтээр 80 зүслэгт зураг авах өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж юм.

Энэхүү аппаратын үр дүнд хүний биед үзүүлэх рентген туяаны хорыг багасгаж оношилгооны чанарыг сайжруулсан. Мөн гурван хэмжээст зураг боловсруулах, ангиографын зураг авах, автоматаар ясыг харуулах, эрхтний эзлэхүүнийг тодорхойлох зэрэг давуу талтай. 

Компьютер томографын кабинет оношилгооны зорилгоор зураг авах боловсруулах, КТГ-ийн хяналтан дор процедур хийж гүйцэтгэх үйл ажиллагаа явуулна. Тус кабинет нь өдөрт 30-50 тодосгогч бодистой болон бодисгүй КТ-ийн шинжилгээ хийнэ" гэв.