Ц.Цогзолмаа 2017.12.28 | Сайт: News.mn

Ц.Цогзолмаа: Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах боломжгүй

Ц.Цогзолмаа: Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах боломжгүй

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн бүтэн сар амраах шийдвэр гаргасан. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 1-н хүртэл, харин орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 1-22-нийг хүртэл амрахаар болсон билээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сурагчдыг амраах шийдвэр Засгийн газраас гаргасан. 1-12-р ангийн бүх хүүхэд амрах уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид амарна. Сурагчдын амралтыг шууд утгаар нь утаатай холбож ойлгоход хэцүү. Одоо тархаж байгаа ханиад хүрвэл бага насны хүүхдүүд шууд хатгалгаа болж байгаа. Хурц хэлбэрийн вирусийн гаралтай ханиад гэдгийг Эрүүл мэндийн яамнаас хэлж байгаа. Тиймээс нэг ангид нэг хүүхэд ханиад хүрэхэд, ангиараа ханиад хүрэх эрсдэл өндөр байгаа учраас сурагчдыг нэг сар амраах шийдвэр гаргасан. Гэхдээ ханиад томуу гарч байгаа нь яалт ч үгүй утаанаас үүдэлтэй учраас хүүхдүүдэд хүнд тусч байгаа.

-Томуу, томуу төст өвчний өвчлөл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд их байна. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах уу?

-Хэдийгээр ханиад, томуугийн өвчлөлд цэцэрлэгийн хүүхдүүд их өртөж байгаа ч аав, ээж нь ихэвчлэн гэртээ хүүхэд харах хүнгүй байдаг учраас цэцэрлэгт явуулдаг. Ер нь хүүхдүүдийн ирцийн судалгааг үзэхэд, ерөнхий сургуулийн 65-70 хувийн ирцтэй байхад, цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц 85-90 хувь байгаа юм. Мөн цэцэрлэгийг амраавал ээж, аавууд хүүхдээ харах  хүнгүй учраас ажлаа таслах, чөлөө авах асуудал үүснэ.  

Ш.ЧИМЭГ