Ц.Даваасүрэн 2017.12.28

Ц.Даваасүрэн: УИХ сурталчилгааны газар боллоо

УИХ-ын чуулганаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүд, чуулганы дэгийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

“УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Ард түмэн харж байгаа гэж бодож хуралдаанаар явуулж байхгүй бол зарим зүйлс арай хэтрээд байна. Тухайлбал, Хэлэлцэх асуудал дээр ингэж олон гишүүд байр суурь илэрхийлж байгаагүй. Сүүлийн үед арай л хэтэрлээ. Тэгээд УИХ-ын дарга өөрөө үүнийгээ “үг хэлье гэсэн бүрийг нь хэлүүлэх ёстой” гэж байна. Өнөөдөр горимын санал гаргах гэхээр 9 гишүүн санал гаргаж болохгүй мэт...ийм дэг байхгүй. Би таны ажилд л тусалъя гэсэн.

Хэлэлцэх асуудлаар ингэж УИХ дээр бүтэн цаг хэлэлцэх бус тухайн байнгын хороо дээрээ яагаад ярьж болдоггүй юм, эсвэл өчигдөр Тань дээр ороод яагаад асуудлаа хэлж болдоггүй юм. Яагаад байнгын хорооны дарга нь даргын зөвлөл дээр ярьж болдоггүй юм? Яагаад асуулт, асуулга тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж болдоггүй юм. Энэ мэтчилэн олон арга замууд байна шүү дээ. Яагаад энэ аргуудыг хэрэглэхгүй байгаа юм?

Өнөөдөр Авлигатай тэмцэх асуудлыг бид ярьж байна. Үүн дээр утаа эсвэл томуу яриад байж болохгүй шүү лээ. Энэ чинь л өөрөө УИХ зарчмаа алдаж байна шүү дээ. Ярих ёстой зүйлээ ярих ёстой асуудал дээрээ л ярих ёстой. Ингэхгүй УИХ сурталчилгааны газар боллоо шүү дээ.  Ялангуяа олон жил суусан гишүүд ёс зүй үзүүлэх ёстой. Намтай байх ёстой, үг чинь үнэтэй байх ёстой. Энд хуулиар бус ёс зүйгээр зохицуулдаг. Хоног өнгөрөх тусам энд хүн хат суух ёстой.