Энхбаяр.Ж 2017.12.28 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Авлиагтай тэмцэх үйл ажиллагаандаа бодлогын өөрчлөлт хийх цаг болсон байна

“Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр АТГ үйл ажиллагаа хангалтгүй байгааг, бодлогын өөрчлөлт хийх цаг болсон байна гэдгийг онцлон хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-аас АТГ-д цалингийн шинэчлэл, орон тоо бүтцийн өөрчлөлт гээд улс төрийн дэмжлэгээ тасралгүй байнга үзүүлж ирсэн. Өнөөдөр ч үзүүлж байна.

Гэхдээ АТГ-ын өнөөдрийн байдлыг харахаар АТГ-д нэг л уламжлалт арга, авсан өгсөн гэдгийг тойрсон байдалтай. Хэрэг шийдэж байгаа байдлыг харахад нэг хэрэг шийдэхэд 300-500 сая төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн судалгаа гарч ирж байна.

АТГ-т зарцуулсан төсөв, хөрөнгийн үр өгөөжийн харахад ийм байна.

Тэгэхээр Авлиагтай тэмцэх үйл ажиллагаандаа бодлогын өөрчлөлт хийх цаг болсон байна. Юуг авлигал, албан тушаалын гэмт хэрэг вэ гэхийг өргөн хүрээнд тодорхойлох цаг болж.

Жишээ нь, мэргэжлийн бус хүнийг албан тушаалд авч байгаа Сайдыг авилга авсан гэж үзэх хэрэгтэй. Цаашилбал, улсын төсвийн хөрөнгөөр тавигдаж байгаа авто зам, барилга байшингийн чанаргүй байдлууд, нийлүүлсэн тоног төхөөрөмжийн чанаргүй байдлууд гээд олон асуудлыг бид мэдэж байна. Энэ бүхэн чинь бас л авлигал. Энэ мэтчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ойлголтоо өөрчлөх цаг болсон байна. Ингэхгүй бол яг өгч, авсан дээр суугаад байвал энэ ажил явахгүй байна.

Нөгөө талаасаа авсан, өгсөн хоёрыг хоюуланг нь шийтгэдэг байдал маань энэ байдлыг улам далд хэлбэрт оруулахад нөлөөлж байна.  Янз бүрээр албан тушаалтын дарамтанд орж, мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд орсон, ажлаа амжуулсан улсуудыг чөлөөлөх асуудлыг бид оруулмаар байна. Ингэх юм бол энэ ажилд маш том ахиц гарах болов уу гэж бодож байна.

Авилгатай тэмцэхэд тууштай байдал бас улс төрийн хүсэл сонирхол чухал. Энэ УИХ бүрэлдээд “Авилагатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Үр дүн хангалтгүй байгаа гэдгийг бид , бас олон түмэн хэлж байна. Тиймээс үүндээ дүгнэлт хийж, АТГ санал оруулж ирэх ёстой.