2017.12.28

Х.Болормаа: Өргөө гэрээ өөд нь татаж, эрүүл энх аз жаргалтай амьдраарай

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 11 болон 12 дугаар хорооны 3 өрхөд өвлийн дулаалгатай, шинэ технологийн утаагүй зуухтай, иж бүрэн гэр олголоо.

Тухайн иргэдийн Засаг даргад ирүүлсэн санал хүсэлтэд тулгуурлан холбогдох ажил хариуцсан хэлтэс, хороо, мэргэжилтнүүд хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийснээр, Ц.Шинийннэгэн, Б.Энхбаяр, Д.Батцогтын ам бүл өнөөдөр орон гэртэй боллоо.

Өөрсдийн гэртэй болсон иргэд маань баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. Тухайлбал: Б.Энхбаярын гэр бүлийн хүн болон нэг хүүхэд нь хавдартай тул бүхий л цалин орлогоо эрүүл мэнддээ зориулан, хөлсний байшинд амьдарч байсан байна. Мөн тэрээр төрөөд удаагүй байгаа шинэ оны босгон дээр шинэ хүнтэй, шинэ гэртэй болсондоо маш их баярлаж байна гэлээ.

Мөн Засаг дарга Х.Болормаа “... та бүхэн маань өргөө гэрээ өөд нь татаж, эрүүл энх, аз жаргалтай амьдраарай. Удахгүй золгох 2018 он та бүхэнд маань хамгийн сайн сайхныг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.