Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат цол олгов
2017.12.28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан зарим хүнд дипломат цол олгов.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 28 жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 106 жилийн ойг тус тус тохиолдуулан Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Балдоржийн Даваадорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдорж, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Түвдэндоржийн Жанабазар нарт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цол, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олголоо.

Дипломат цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Монгол Улсад байгаа Балдоржийн Даваадорж, Түвдэндоржийн Жанабазар нар цолоо биечлэн гардаж авсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат цол гардагсдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.