Ц.Гарамжав: Байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл  ажиллагаа бол улсын төсвөөс хөрөнгө гаргаж хийдэг ажил биш юм
2018.01.02

Ц.Гарамжав: Байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа бол улсын төсвөөс хөрөнгө гаргаж хийдэг ажил биш юм

Үндэсний шуудан сонин 2017.12.28 №257

-Монгол Улсад уул уурхайн салбар хөг­жөөд 95 жил болжээ. Энэ салбарт ажиллаж байсан бас энэ салбарыг удирдаж ажиллаж байсан танд баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.

-95 жил гэдэг тийм ч бага хугацаа биш. Энэ хугацаанд манай уул уурхайн хөгжил хэр явна гэж та бодож бай­на вэ. Сүүлийн жилүү­дэд бол улсын төсөв уул уурхайгаас л хамаар­даг болсон. Гэхдээ л бас хамгийн их шүүмжлүүлдэг салбар шүү дээ?

-Ердийн гар аргын алт, нүүрсний олборлолтоос эхэлж байсан уул уурхайн салбар өнөөдөр орчин үеийн төрөлжсөн тоног төхөөрөмжтэй, боловс­руулах үйлдвэрүүдийн хэм­жээнд хүртлээ хөгжсөн. 

Гэхдээ 1970, 1980-аад оны үед уул уурхайн салбар бодлоготой, цэгцтэй, төлөвлөгөөтэй, яамтай, геологийн албатай, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй, олон мянган мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай байлаа. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт болж зах зээлийн эдийн засагт шилжсэнээр уул уурхайн салбарын хууль, дүрэм, бодлого бас дагаж өөрчлөгдсөн. Ихэвчлэн бизнесжсэн, ашиг орлого хурдан түргэн олох талдаа уул уурхайн салбарыг чиглүүлэх болсон л доо. Өнөөдөр уул уурхайн салбарт тодорхой хэмжээгээр олборлолтын бодлого давуу явагдаж байгаа. Гэтэл нөгөө талдаа геологийн судалгаа, шинжилгээ, улсын эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, түүнийг дагасан судалгаа хийх бодлогууд орхигдоод байгаа юм. Хамгийн хүндрэлтэй нь хөгжил дэвшил авчрах хөрөнгө оруулалтын бодлого заримдаа дэмжигдээд, заримдаа дэмжигдэхгүй болчихоод, заримдаа бүр асар их улстөржилтэд автчихдаг. 

Анх уул уурхайн салбарыг 1990-ээд оны үед нэлээн хөгжүүлж нүүрсний бодлого, алтны бодлого, зэсийн бодлого гаргаж ирж байх үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулиуд бас гарч байсан. Хамтарсан компаниудыг эхний хэдэн жил хамтын ашгийн татвараас хөнгөлөх, дараагийн жилүүдэд нь үйлдвэр, уурхай, хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахын тулд хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээнүүдийг хийх гэх зэргээр дэмждэг байсан. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлого нилээн алдагдаад байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбарт улс орны эдийн засагт хамгийн их өгөөжөө өгөх үед нь ашигт малтмалын үнэ өндөрссөн үед төрөл бүрийн улстөржсөн хуулиуд гаргаж уул уурхайн салбарын хөгжлийг сааруулдаг,  харлуулдаг ийм түүх байгаа. Тухайлбал, зарим бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар байна, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хууль буюу “урт нэртэй хууль” гэж ярьдаг, алтны нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглох тухай хуулиуд энэ салбарын хөгжлийг асар сааруулсан.

Стратегийн ач холбогдол бүхий газарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль ч мөн адил ашигт малтмалын үнэ ханшийн өсөлтийг дагаж гарч ирсэн, улс төрийн шинж чанартай ийм хууль. Энэ нь манай уул уурхайн салбарт хуулиа хэрэгжүүлдэггүй хариуцлагагүй аж ахуйн нэгж олон байна. Тэднээс шалтгаалж дээрх хуулиуд ч гарахад нөлөөлдөг. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталж, 2006 онд шинэчлэн найруулснаас хойш өнөөг хүртэл 20 гаруй удаа 300 орчим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Одоо ч гэсэн хавтгайрсан уул уурхайн эмх замбараагүй, олборлолт, ашиглалт явагдаж байгаа. 

-Бараг 4000 лиценз олгосон байдаг гэдэг билүү?

-Өнөөдөр манай улсад 3600 орчим лиценз эзэмшигчид хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж том, дунд, жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ түгээмэл ашигт малтмал нэртэй барилгын материал болон хайрга, дайрга олборлох эрхийг 330 сумын бүх дарга сум болгонд 50 га-г олгох эрхтэй байдаг. Энэ түгээмэл ашигт малтмал олборлох нэрийн доор дуртай газраа ямар ч ашигт малтмал олборлох, хайх, ашиглах ийм хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байгаа. Мөн бичил уурхайн хууль байна. Анх

Ашигт малтмалын тухай хуульд 2010 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой байсан. Бичил уурхай нь нөхөрлөл, хоршоолол нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч хууль бус, эмх замбараагүй олборлолт, нөхөн сэргээлт хийхгүй байгаа. Тэд төлөвлөгөө тайлангүй олборлолт явуулж байгаль орчныг сүйтгээд зогсохгүй ард иргэд, аж ахуйн нэгж компаниудын газрын маргаан хүртэл үүсгэх болсон байна. Бас бичил уурхайтай нүүрснийхэн байна. Налайхад олон жил нүүрсний олборлолт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа ноцтойгоор зөрчигдсөөр байна. Мөн нөхөн сэргээлт хийх нэрээр сүүлийн үед Байгаль орчны яам маш олон зөвшөөрлийг эрх зүйн чадамжгүй компаниудад өгдөг болсон. 

-Уг нь нөхөн сэргээлтээ ямар төвшинд хийж байна гэдгээр нь уул уурхайн компаниудыг дүгнэх ёстой биз дээ?

-Тэгэлгүй яахав, үүн дээр шаардлага маш өндөр байх ёсой. Нөхөн сэргээх компаниуд өөрсдөө мэргэжлийн бөгөөд эрх зүйн хувьд тодорхой хэмжээний дүрмийн сантай, эдийн засгийн чадамжтай компаниуд байх ёстой. Гэтэл тэд яадаг гэхээр эхлээд эдийн засгийн чадамжтай болно гэж орж олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулаад, дараа нь нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй, орхиод хаяад явчихдаг.

Мөн өнгөт чулууны олборлолт одоо сэтгэл эмзэглүүлж байна. Монгол улс даяар эмх замбараагүй, хууль бусаар өнгөт чулууны олборлолт явуулж, хил давуулан шуудай шуудайгаар, тонн тонноор худалддаг болсон байна. Ингээд харахаар газрын хэвлийтэй харьцаж байгаа иргэд, газрын хэвлийгээс авч ашиглах зөвшөөрлүүд маш олон төрөл болсон байгаа. Түгээмлийнхэн, бичил уурхайнхан, ил далд хууль бусынхан, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гээд ийм олон төрлийн зөвшөөрөл авчихдаг, тэгээд сүүлдээ аль нь хариуцлагатай, аль нь хариуцлагагүй нь мэдэгдэхээ байтлаа хавтгайрсан байдалд хүргэж байна. Энэ нь эдгээр салбарыг дунд нь зохицуулах эрх зүйн орчны шинэ зохицуулалтыг шаардаж байгаа.

Ийм учраас уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчныг дахин харах шаардлага зайлшгүй тулгараад байна л даа. Урт хугацаанд тогтвортой мөрдөх, бүх ашиглалт, олборлолт, хайгуулын, геологийнхоо бодлогыг бодох, мөн геологийнхоо бодлогыг боловсруулах бодлогыг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

-Уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар цаашдаа ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

-Уул уурхайн салбар сүүлийн 20 гаруй жил улсынхаа эдийн засгийн тулгуур салбар болон хөгжиж байна. Манай улс нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд жилүүдийг туулж байгаа. Төвлөрсөн эдийн засгийн удирдлагатай байсан нийгмээс зах зээлийн эдийн засгийн нийгэм, өмчийн харилцаанд тулгуурласан эдийн засгийн нийгэмд шилжиж байгаа энэ үед уул уурхайн салбарын анх явж байсан бүх бодлогууд задарч, олон төрлийн өмчийн харилцаа уул уурхайн салбарт нэвтэрч орж ирсэн ийм хөгжлийн үе шатад орсон. Үүнтэй холбоотойгоор ихэвчлэн өмнө нь явж ирсэн уул уурхайн журам, хууль, дүрмүүд өөрчлөгдөж, маш олон тоогоороо мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт орж үйл ажиллагаа явуулдаг болсон.

Уг нь бол уул уурхай гэдэг бол биеэ даасан маш том үндсэн шинжлэх ухаан байдаг. Энэ шинжлэх ухааны бодлого шинжлэх ухаанчаар хэрэгжиж явж байсан л даа өмнө нь. Гэвч зах зээлийн нийгмийн үед илүү зах зээлээ түшсэн, илүү бизнесийн шинж чанартай бодлогууд түлхүү явагдах болсон байгаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр олон янзын хөтөлбөрүүд гарч ирсэн. Алт хөтөлбөр, зэс хөтөлбөр, нүүрс хөтөлбөр гэх жишээтэй. Эхний хөтөлбөрүүд бол ер нь амжилттай хэрэгжиж байсан л даа.

Хөтөлбөр гэхээсээ илүү бодлогууд явагдаж байсан. Уул уурхайн салбар улс эх орныхоо эдийн засгийн тулгуур болсоор олон саад бэрхшээл дундуур алгуурхан боловч хөгжил нь урагшилсаар, одоо ч гэсэн эх орныхоо эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ л байгаа. Байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа бол улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргаж хойноос нь хийдэг ажил биш. Мэргэжлийн хариуцлагатай уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн ажлын нэг тал нь болж явагддаг байх дүрэмтэй. 

-Нөхөн сэргээлтийн талаар танаас заавал асуух асуулт байна. Таныг саяхны нэг чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Заамарыг завааруулсан гишүүн БОБХ-ны даргаас явж байгаа” гэж хэлсэн. Таны үүсгэн байгуулсан компани үнэхээр нөхөн сэргээлтээ хийдэггүй юм уу?

-Заамарт “Монполимет” групп үйл ажиллагаа явуулдаг. Миний үүсгэнбайгуулсан компани. Өчигдөр Монголын уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойгоор “Монполимет групп” 17 дахь удаагаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны улсын хэмжээний аваргын цолыг хүртэж, цомыг дахин авлаа.

“Тосон үйлдвэр” бол Монголд Улсад зөвхөн техникийн төдийгүй биологийн нөхөн сэргээлтийн жишиг стандартыг 20 дахь жилдээ тогтоож яваа ийм үлгэр жишээ компани. “Монполимет” Заамарт очсоноороо Заамарын хөндийн нөхөн сэргээлтийг эхлүүлж, улсын хэмжээний болоод орон нутгийн хэмжээний үзүүлэх сургалтуудыг олон удаа зохион байгуулсан.

“Монполимет групп”-ын улс орондоо хийж байгаа олон сайхан зүйлийн нэг нь бол Заамарт тогтоож байгаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн жишиг стандарт. Энэ нь олон улсын хэмжээнд ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа. “Монполимет групп”-ын Тосонгийн үйлдвэр нь Заамарт 17000 га талбайтай, цэнгэг устай, загас үрждэг ийм сайхан нуурыг бий болгож, аялал жуулчлалын бүс бий болгох нөхцөл бүрдүүлсэнд би харин ч их баярладаг, бахархдаг. Тэгээд би хэлсэн л дээ, та Заамарт очоод үз ээ. Тэнд олон компани ажиллаж байгаа. Тэгээд хэвлэл мэдээлэл дээр гарсан гүтгэлгийн шинж чанартай, захиалгаар нийтэлсэн, илт гутаан доромжлох зорилгоор нийтэлсэн ийм нийтлэлийг та олж үзчихээд ийм юм ярьж болохгүй. УИХ-ын гишүүн хүн мэдээллээ судалж, төрийн том индрээс үнэн зөв ярих ёстой гэсэн. Өөрөө очиж хараагүй байж, гүтгэлгийн нийтлэлийн мөрөөр бусдыг гүтгэж байгаа бол өөрөө ямар хүн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг.

-Тэр яриа таныг байнгын хорооны даргын сонгуульт ажлаа өгөх хурал дээр болсон бил үү?

-Тийм. Байнгын хорооны даргыг нэг жилээр сонгодог. Энэ хугацаа маань дууссан учраас дараагийн томилгоог хийх санал хураалтын үеэр гарсан яриа.

-Байгаль орчны байнгын хорооны даргаар Элдэв-Очир гишүүнийг нэр дэвшүүлж сонгосон. Гэхдээ өөрийг нь байхгүйд ийм томилгоо хийлээ гэсэн шүүмжлэлүүд бас гарч байна лээ. Нэр дэвшигч байхгүйд томилгоо хийж болдог юм уу?

-УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар Байнгын хорооны гишүүд хуралдаад нэр дэвшүүлсэн. Тэр хурал дээр би байгаагүй л дээ. Тэнд Элдэв-Очир гишүүний нэр яригдаад түүнийг Байнгын хорооны гишүүдийн 90 хувь дэмжсэн. Гэхдээ энд ямар нэг хууль бус зүйл байхгүй. Байнгын хорооны даргын сонгууль бол жирийн л нэг болдог сонгууль. 1-2 жилийн хугацаатай л байдаг.

Ийм л юм. Энийг улстөржүүлэх гээд, эсвэл бизнесийнхэн ээлж дараагаар Байнгын хороог удирдаад байна гэсэн ийм хардлага, сэрдлэг огт хэрэггүй юм. Хүн ер нь тодорхой баримттай, хохирол учруулсан, шүүхээр нотлогдсон зүйл дээр бусдыг ярьж болохоос биш хүний нэр төрд халдаж, доромжилж, харааж зүхэж болохгүй байх гэж бодож байна. Ялангуяа төрийн индэр дээрээс эмэгтэй хүнийг дээрэлхэж, доромжлохыг харахаар гэр бүлдээ яаж ханддаг бол доо гэж бодогддог шүү.

-УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс таныг байнгын хорооны даргын ажлыг сайн хийсэн гэж дүгнэсэн. Сөрөг хүчнийнхэн ч таныг бүрэн эрхийнхээ хугацаанд хариуцлагатай, сайн ажилласан төдийгүй  хуулиудынхаа төслийг дуусгах гэж  чармайж ажилласан гэж байсан. Та байнгын хорооны даргаар ажиллахдаа ер нь юу амжуулав. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн хугацаанд хэчнээн  хууль хэлэлцэн нэгдсэн чуулганд оруулсан бэ?

-Энэ оны сүүлчээр ХАА-н салбарт хүлээгдээд байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн хуулиа дуусгаад Байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгье гээд шахуу ажилласан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хугацаанд  26 удаа хуралджээ. 10 /давхардсан тоогоор 58/ хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 /давхардсан тоогоор 9/ тогтоолын төсөл, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл 6 удаа сонсож, 7 хууль, 4 Улсын Их Хурлын тогтоол батлуулсан байна. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 6, хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 19, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 2, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 211, Байнгын хорооны 5 тогтоол батлан гаргаж хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн тэмдэглэл 4 гаргасан байна.

Мөн  Байнгын хороо 5 хэлэлцүүлэг, семинар, 9 уулзалт, ярилцлага зохион байгуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Засгийн газрын тусгай сан­гийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

“Төв цэвэрлэх байгуу­ламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон”, “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг хамтран болон дангаар зохион байгуулсан байна. Үнэхээр анхаарлаа хандуулахгүй бол болохгүй байсан зүйл нь Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн асуудал байв. Өвөлдөө мартчихдаг цэвэрлэх байгууламжийн асуудлыг нийгмийн анхааралд хандуулъя гээд ажлаа авсныхаа дараа шууд л Цэвэрлэх байгууламжийг судалсан. Гурван удаа цэвэрлэх рүү очсон.

Эрдэмтэн мэргэд судлаачид, цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудтай нь уулзаж үзсэн. Мөн эдгээр судалгааныхаа үр дүнд тулгуурласан нийтлэл гаргаж, үүнийгээ үндэслэн баримтат кино хийж улс орон даяар цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдэгдлүүдийг хийлээ. Мөн цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал болоод цаашид авах арга хэмжээ цэвэрлэх байгууламжаа хэрхэн хурдан аварч шинэчлэх  вэ гэсэн  сэдвээр хэлэлцүүлэг хийж өнөөдрийг хүртэл цэвэрлэх байгууламж дээр ямар ажлууд хийгдээд байгаа юм, ямар судалгаа хийгдээд байгаа, гадаад дотоодын  ямар байгууллагууд ажиллаж ямар үр дүнтэй болоод байгаа юм гэсэн талуудыг бүгдийг нийгэмд ил тод болгон тавьсан байгаа. Цэвэрлэх байгууламж дээр сүүлийн жилүүдэд орсон хөрөнгө оруулалтуудыг бас нилээд судлаж гаргаж ирсэн. Цэвэрлэх байгууламжид жилд дунджаар 9 тэрбумаас 12 тэрбумын хөрөнгө оруулалт хийгддэг байсан. Гэвч одоо цэвэрлэх байгууламжийн  хийгдсэн хөрөнгө оруулалтын зарцуулалт нь хангагддаггүй, тендерийн тухай хуулийн зөрчил дутагдал гарч байгаа юм л даа. Яагаад гэвэл хамгийн хямдыг хамгийн үр ашиггүй муу үйлчилгээг сонгодог тендерийн хуулийн сул тал энд гарч ирсэн. 

Яагаад гэхээр цэвэрлэх бай­гуулам­жид хийдэг үйлчилгээ нь чанаргүйдсан, авч ний­лүүлдэг хангамжийн бүх турбо, хоолой, насос, хийн шахуургууд нь чанаргүй болсон. Үүнийг дагаад тэр олон тэрбумаар тооцогдох хөрөнгүүд талаар нэг хийсээд алга болсон нь  харамсалтай  байна. Жил болгон онайм есөн тэрбумын хөрөнгө оруулалт  авч байсан гэхэд цэвэрлэх байгууламжид хийгдсэн юм даанч бага байсан.

Ерөнхийдөө өнөөдрийн манай УБ хотын цэвэрлэх байгууламж дээр үүсээд байгаа хүндэрсэн нөхцөл байдал бол цэвэр хариуцлагагүй үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийгээгүй, цэвэрлэх байгууламжийнхаа техникийн нөх­цөлийг арчилж чадахаа больсон цэвэр инженер техникийн үйлчилгээний чанар хангамжийн чанараас болсон юм шиг санагдсан. Яг манайтай төстэй ийм  цэвэрлэх байгууламж нь ОХУ-д Эрхүүд байдаг юм билээ. Манайтай ойролцоо жилүүдэд байгуулагдсан гэхэд тэд одоо ч гэсэн хэвийн ажиллагаатай ямар ч үнэр танаргүй ажиллаж байх жишээтэй.

Дээхэн үед бол манай цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан үе үеийн дарга нар лагийг машинаар хүртэл зөөгөөд цэвэрлэчихдэг, ямар ч үнэр танар бай­даг­гүй  ийм үйлчилгээгээ хийчихдэг үе байсан. Гэтэл сүүлийн үед цэвэрлэх байгууламж хэвийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон. Олон хүчин зүйл нөлөөлсөн байх л даа. Дээр хэлсэн чанаргүй үйлчилгээ байна. Нэмээд Улаанбаатарт жижиг дунд үйлдвэрийн  ихэнх буюу 70,80-аад хувь нь байрладаг юм байна. Энэ жижиг дунд үйлдвэр ихэвчлэн арьс ширний ноос ноолуурын үйлдвэрүүд. Энэ үйлдвэрүүдээс  гарч байгаа химийн янз янзын нийлэг хорт бодис хаягдал бохирдлууд цэвэрлэх байгууллагын хүчин чадлаас хэд дахин давсан. Байнгын хороо хэд хэдэн санал дэвшүүлж, судалж, хэлэлцүүлэг хийсэн.

Үүнийхээ хүрээнд хоёр удаагийн өргөтгөсөн хэлэлцүүлэг явуулж Засгийн газарт хамгийн сүүлийн үеийн шинэлэг техник технологийг Улаанбаатарын цаг агаар, хөрсний нөхцөлд өнөөдрийн ачааллыг тооцоолон хамгийн сүүлийн үеийн инновацийг шингээсэн цэвэрлэх байгууламж сонгож барих  нь зүйтэй юм гэсэн чиглэлийг өгсөн байгаа. Нөгөө талдаа Улаанбаатарт байгаа энэ олон жижиг дунд үйлдвэрүүд нь  өөрсдийн хаягдлыг  цэвэрлэх чадамжтай бай­гуу­ламжийг тус тусдаа дэргэдээ байгуу­лах шаардлагатай байгаа юм. Хэрвээ Улаанбаатарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол наад зах нь ийм шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаарлага байх ёстой. 

-Цэвэрлэх байгууламжийн ажил энэ хугацаанд урагшилж чадсан уу?

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувиар нийслэл хотын тулгамдсан асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг УИХ-ын түвшинд хөндөн тавьж, Байнгын хорооноос санаачлан бодлогын шийдэл болох нэлээд ажил хийлээ. Бид асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, хөрөнгө санхүүжилтээ судал­гаагаар тогтоогдсон гол асуудлыг шийд­вэрлэхэд зарцуулах хэрэгтэй байна. Энэ зорилгоор 2016 оны 10 сард Байнгын хорооноос мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэн, хөнд­лөнгийн дүгнэлт гаргуулж, түүндээ түшиглэн Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар баримтат нэвтрүүлэг бэлтгэн шийдвэр гаргагчид болон олон нийтэд бодит байдлыг танилцуулсан. 

1964 онд байгуулагдсан Улаан­баатар хотын Төв цэвэрлэх байгуулам­жид технологийн шинэчлэл хийж хоногт 250 000 шоо метр хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо манай төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой арьс шир, ноос ноолуур, бусад жижиг дунд үйлдвэрүүдийн бохирдол нийлүүлэгдэж байгаагаас болж ачаалал нь хүчин чадлаас 10 дахин хэтэрсэн байна.

Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадсыг цэвэрлэх байгуу­ламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаар, хөрс, ус, орчны бохирдол үүсгэж, амьсгал боогдуулах хий ялгаруулах хэмжээнд хүрснийг судалгаа харуулж байгаа.

-Судалгаанд  өнгөрсөн хугацаанд чамгүй их мөнгийг үргүй зарцуулсан гэсэн. Энэ талаар  дүгнэлт өгсөн үү?

-Судалгаанд зургаан гол асуудлыг хөндсөний нэг нь зарцуулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнтэй холбоотой. Олон жил их ярьж, бага хийсэн байна товчхондоо. Хоёулаа тулгамдсан гол асуудлуудын талаар ярилцлагаа үргэлжлүүлбэл хүмүүст бодит байдлыг ойлгоход нь дэмтэй байх гэж бодож байна. 

Эхний асуудал бол шинэ цэвэрлэх байгууламж барьж байгуулах явдал. ТЦБ-ийн асуудал зөвхөн нийслэлийн бус бүс нутгийн экосистемтэй холбоо­той глобал асуудал гэдгийг бид ойлгох ёстой. Тэр ч утгаараа шийдэл нь Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохоос гадна хаягдлыг бордоо, энергийн эх үүсвэр болгон ашигладаг, механик биологийнхоос гадна химийн цэвэрлэгээ хийсэн цэвэршүүлсэн ус Туул голд нийлүүлэх, бүрэн автомат эко технологитой байх шаардлагатай байгаа юм.

Хоёрт, нь хуучин цэвэрлэх байгуу­ламжийг хэрхэх талаар зөв шийдвэр гаргах. Энэ шийдвэрээс хамаарч одоо төлөвлөсөн ажлуудаас онц шаардлагагүй хэсгийг зогсоон, санхүү хөрөнгийг зөв хувиарлах хэрэгтэй болно. Жишээ нь бохир нийлүүлэх худаг, хоолойн эвдрэлийг яаралтай оношилж, засахгүй бол тэдгээрээс үүдэлтэй  ачаалал мөн л  шинэ байгууламжид асуудал үүсгэх эрсдэлтэй. 

Гуравт, нь “Усыг дахин ашиглах” бодлогын иж бүрэн төсөл эхлүүлэх. 21-р зуунд манай улс шиг байгалийн шавхагдах нөөц болох гүний рашаан усыг байж болох бүх төрлөөр бохирдуулаад, гадаргын ус болгон тэжээгч гол руугаа цутгаж агаар, ус, хөрсөндөө шингээн, мал сүрэг, түүний мах, сүүгээр дамжуулан эргээд хүний эрүүл мэндээ хохироож байгаа улс өөр хаана ч байхгүй шүү дээ.

Дөрөвт, нь хууль тогтоомж, стан­дартын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч, ус бохирдуулсны төлбөрөөр санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог болох хэрэгтэй. Ингэж байж л бидний хөндөж буй асуудлыг цогцоор шийдэж чадна. 

-Дээрх асуудлуудаар иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмт­дийн дуу хоолойг сонссон уу?

-Сонсолгүй яахав. Байнгын хо­роо­ноос 2016 оны 11-р сард  “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Үүнд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэд гээд 150 гаруй хүн оролцсон. Хэлэлцүүлгээс шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр боловсруулагдсан техник эдийн зас­гийн үндэслэлийг олон улсын хөнд­лөнгийн экспертээр хянуулж, техник технологийн хамгийн зөв шийдлийг сонгох зөвлөмжийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. 

-Таны чуулган дээр хэлсэн Дэл­хийн улсууд хогноос эрчим хүчээ гаргаж, хаягдал хуванцраар замаа тавьж, цахилгаан автомашинаар зорчиж цэвэр хөгжлийн зам руу маш хурдтайгаар шилжиж байна гэж  хэлсэн үг  анхаарал их татсан.

-Тиймээ би БОХХААБХ-ны даргын хувиар Ерөнхий сайдад хандан Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд онцгой анхаарал хандуулж, өөрийнхөө Засгийн газрын үед шийдээрэй гэж захиж хэлсэн. Хүн төрөлхтөн Ангараг гариг дээр аялах, өндөр хурдны хонгилоор тив хооронд зорчих эсвэл хиймэл оюун ухааны хөгжүүлэлт дээр ажиллаж байхад бид хамгийн хоцрогдсон технологиор арьс ширээ боловсруулж, бохирыг нь ундны усандаа нийлүүлээд сууж байгаа налгар төр, мөнгөөр худалдаж бордоо болгох ялгадас, лагаа боловсруулж дийлэхгүй угаартаад сууж байгаа лазан засаг шүү гэж хэлсэн. Баялаг бүтээгч хүнд хялбархан харагдах шийдэлтэй зүйлд хэдэн Засгийн газар толгойгоо өвтгөж суухыг харах харамсалтай байсан юм.

Дэлхийн хөгжлийг тооцоолж түүнийг дагах биш амдах бодлого хэрэгжүүлээрэй гэж хэлээд ажилд нь амжилт хүсэж байснаа санаж байна. Шинэ ерөнхий сайд маань энэ асуудлыг шийднэ гэж найдаж  байна. 

Ер нь бол цэвэр усны хангамж, цэвэрлэх байгууламжийн асуудлыг анх Япон улсын Жайка байгууллага 1993 оноос эхлэн нарийн судалгаа хийж, Улаанбаатар хотын цэвэр усны нөөц, цэвэр усны нөөц, цэвэр ус олборлолтын гүний худгууд, насос станцууд, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн тухайн үеийн байдал, өргөтгөх, шинэчлэх боломж, санал болгож буй технологийн судалгаа, хөрөнгө санхүүгийн тооцоо зэрэг иж бүрэн судалгааг хийсэн байдаг.

Үүний дараа судалгааны үр дүндээ үндэслэн дэс дараалалтай төлөвлөгөө гарган, 1997 оноос Улаанбаатар хотын Төвийн эх үүсвэр шинээр байгуулсан. 2012 онд дууссан эдгээр төслүүд нь нийт 90 гаруй сая долларын буцалтгүй тусламжаар хийгдсэн ажил юм билээ. Бас дараа нь Жайка олон улсын байгууллагын судалгааны баг Улаанбаатар хотын цэвэр бохир усны мастер төлөвлөгөөг шинэчлэн хийж 2013 онд дуусгасан. Энэхүү мастер төлөвлөгөөнд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах тал дээр онцгой анхаарч судалгаа, төлөвлөлт, санхүүгийн тооцоог хийж техник эдийн засгийн үндэслэл ч боловсруулсан байсан. 2015 оноос Франц улсын Артиелла компани шинээр барих цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. 

Артиелла компанийн боловс­руулсан ЦБ шинэчлэх төсөлд хамгийн гол лаг боловсруулах технологийг бүрэн шийдвэрлээгүй, орчин үед дэлхийн бусад улс орнуудад нэвтрээд байгаа лагаа боловсруулж хий гаргах, хийнээс цахилгаан эрчим хүч гаргах, лагийг шатааж багасгаж байгальд ээлтэй материал болгон хувиргах энэ технологиуд тусгагдаагүй байсан. Манай БХ-оос өгсөн шаардсан зөвлөмжийн дагуу Персдэйт компани лаг боловсруулах эдгээр аргуудыг (нэмээд хийчихсэн) гэсэн хариултыг өгч байсан. 

Мөн Байнгын хорооны даргын хувиар Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүн, Хөгжлийн албан ёсны тусламжийн хэрэгжилттэй танилцах нэгдүгээр хэсгийн ахлагч ноён Ивай Шигэкитэй Улаанбаатар хотод уулзах үеэрээ Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөж тавьсан л даа. Улаанбаатар хотод өндөр хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар албан ёсоор саналаа тавьбал уг асуудлыг судлах болно гэж ноён Ивай Шигэки мэдэгдсэн.

Мөн энэ намар Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Төв цэвэрлэх байгууламжийн талаар мэдээлэл цуглуулах судалгааны ажлын хэсгийн судлаачид Улаан­баатар хотод ажиллаад явсан. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэр гаргахдаа анхааралдаа аваарай гээд Ерөнхий сайдад дээрх бүх судалгаа, хэлэлцүүлэг, уулзалтуудтай холбоотой материалыг албан ёсоор хүргүүлсэн.

-Таны хариуцан ажиллаж байсан байнгын хороо тулгамдсан асуудал ихтэй салбаруудыг хамаардаг. Ялан­гуяа байгаль орчны салбар дахь санаа зовоож буй асуудлуудын шийдлийг та хэрхэн хардаг вэ?

-Одоо үед дэлхийн улс орнууд эдийн засгийн биш, нийгмийн биш байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн үзэл баримтлал руу маш хурдан шилжиж  байна. Үндсэн чиг үүргийн яам болохын хувьд БОАЖЯ тэргүүлэх байр суурьтайгаар асуудлууд руу орох хэрэгтэй санагддаг. Жишээ нь уул уурхай улсын эдийн засагт тэргүүлэх байр суурьтай, чухал хэдий ч эвдэгдсэн байгалиа бохирдуулагчаар нь, ашиглагчаар нь нөхөн сэргээлгэдэг, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг буцаагаад байгалиа хамгаа­лахад зарцуулдаг байж чаддаг байх ёстой.

Олон аймагт иргэд ийм зүйлд бухимдаж, харамсаж байгаа. Байгалийн баялгийг ашиглаж болно. Байгалиа хуучин байсан шиг нь өмнөхөөс ч илүү нөхөн сэргээх учиртай. Энэ боломжтой гэдгийг бид харуулсан учраас хэлж байгаа юм шүү. Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэж байх хэрэгтэй байна. 

Сэтгүүлч Ж.Баярсайхан