Ё.Баатабрилэг: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэл дутаж байна уу даа гэж би хардаг
2018.01.02

Ё.Баатабрилэг: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэл дутаж байна уу даа гэж би хардаг

Өдрийн сонин: 2017.12.28 №276

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны салбарыг төрөөс анхаарч хөгжүүлэх ёстой гэж дуугардаг цөөн гишүүдийн нэг нь та. Манай улс шинжлэх ухааны салбарыг ямар түвшинд авч үзэж байна вэ?

-Сая Австрийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Ньютоны шагналтан, цөмийн физикч Селингерийн хэлж буйгаар төсвөө гурван жилийн хугацаагаар батлуулчихсан, өсвөр үеийг шинжлэх ухаанд дуртай болгох ажлыг хийнэ дээ гэж ярьж байна. 

Энэ салбарт хийх зүйл нь ч, төсөв мөнгө нь ч батлагдчихсан тодорхой байна. Австри улс дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 3.4 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. ХБНГУ ДНБ-ийнхээ 3 хувийг зарцуулж байна. Монгол Улс ДНБ-ийхээ 0.12 хувийг зарцуулж байна. Олон улсын жишгээр тухайн улс ДНБ-ийхээ 0.4 хувиас бага хэмжээг зарцуулж байвал тэр улсад шинжлэх ухаан үзэгдэл төдий гэж үздэг. Хэрэв 0.8 хувиас доош хувийг зарцуулж байвал шинжлэх ухаан мэдрэгдэх төдий гэдэг. Харин ДНБ-ийнхээ 1.5 хувийг зарцуулж байвал шинжлэх ухааны салбар амьдралд нөлөө үзүүлэхүйц гэсэн үзүүлэлт байдаг.

Манай улс бол шинжлэх ухааны салбарт дэлхийн дунджаас 10 дахин бага төсвийг зарцуулдаг. Манай улсын ДНБ-ий тоо хэмжээ дэлхийн дунджаас бага байдаг гэж бодохоор шинжлэх ухааны салбарт бараг л анхаарахгүй явж байгаа нь үнэхээр чамлалттай. Одоо төсөвт шинжлэх ухааны салбарт зарцуулагдахаар төсөвт мөнгө тусгагддаг ч эрдэмтэн, судлаачдын цалинг тавихад үндсэндээ таардаг. Судалгаа шинжилгээ явуулах төсөв мөнгө хүрэлцдэггүй. Манай улсын Шинжлэх ухааны академи нь Соёлын төв өргөөнд түрээсээр байна шүү дээ. Сая төсвийн тодотгол дээр байшин барилгын тухай асуудлыг хөндсөн ч энэ жилийн төсөвт тавигдаж чадсангүй. Ер нь бүх хүн л ном уншиж эрдэм номыг дээдэлдэг, шинжлэх ухаанч байх ёстой гэж ярьдаг боловч амьдрал дээр манай улс шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийж чаддаггүй.

-Шинжлэх ухааны салбарт анхаарна уу хэмээн нэр бүхий гурван гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьж байсныг санаж байна. Үүний үр дүнд ямар ахиц гарахаар болсон бэ?

-Б.Баттөмөр, Ж.Батзандан, миний бие гэсэн гурван гишүүн өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавьсан. Харамсалтай нь хангалттай хариулт, үр дүн ахиц харагдахгүй байна.

-Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд асуухад өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хороо ямар гол асуудлуудад анхаарч ажилласан байна вэ?

-Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд олон асуудалд анхааран ажиллалаа. Би тус байнгын хорооны даргаар томилогдоод сар гаруй хугацаа болж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 10-аад ажлын хэсэг гарч ажилласан. Би шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн хэрэгжилт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг багтдаг.

Байнгын хорооны гол ажил бол хууль тогтоох ажлыг зохион байгуулахаас гадна УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Эрүүл мэндийн салбарын хувьд гэхэд томоохон өөрчлөлтийн нэг бол Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа бие даасан агентлаг болж тусдаа гарсан. Урьд нь эрүүл мэндийн даатгуулагчдын мөнгө төсөв рүү орж өөр салбар чиглэлд зарцуулагддаг гэсэн шүүмжлэл явдаг байсан бол одоо даатгуулагчдын эрх мэдлийн хүрээнд төвлөрөхөөр боллоо.

Харин Эрүүл мэндийн яаманд харьяалагдахаар болсон нь миний үзэж буйгаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамандаа харьяалагдсан нь илүү оновчтой байсан болов уу гэж үздэг. Донорын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. УИХ дээр хэлэлцэх эсэхийг шийднэ. Одоо ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ намрын чуулганд багтаж хэлэлцүүлгийг эхэлчих юмсан гэсэн явцтай байна. Нийгмийн салбарт гэхэд ахмад настнуудын тэтгэвэр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр болж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон. Нийгмийн салбарт нэлээн олон хууль манай байнгын хороогоор хэлэлцэгдэж батлагдсан.

Төрийн албаны тухай хууль батлагдсан. Уг хуулийн санаачлагч гишүүдийн хувьд энэ хуулийн төсөл дээр ажилласан. Одоо Шинжлэх ухаан технологийн хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн хуулийн төслүүдэд ажиллахын зэрэгцээ хоёр ч хууль шинээр санаачлан ажиллаж байна.

-Та үндсэн мэргэжлээрээ буюу археологичоор ямар хугацаанд ажиллаж байв?

-Би бага залуу байхдаа түүхийн болон археологийн судалгааг нэлээн сонирхон судалж байсан. Археологийн хээрийн экспедицэд гурван жил ажилласан. Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллалаа.

Төрийн албанд ажиллах болсноор археологиор дагнан ажиллаж чадаагүй. Би дан ганц археологи гэлтгүй Монголын түүх, дэлхийн түүхийг нэлээн сонирхон судлана аа.

-Нэрт академич Б.Ширэндэв гуайн заавраар та 25 насандаа Монголын түүхийг өгүүлсэн ном гаргаж байсан тухайгаа эргээд нэг дурсахгүй юу?

-Б.Ширэндэв багш манай өвөөгийн номын найз, садан юм. Манай Архангай аймгийн Чулуут суманд шинэ үсгийн багш гэдэг шиг Б.Ширэндэв гуай долдугаар ангиа төгсөөд хамтралын даргаар очиж байсан. Манай өвөө Т.Жамган багийн дарга байсан.

Хожмоо Б.Ширэндэв гуай Ардын их хурлын депатут болсон хойноо өвөөгийнд маань зорьж ирж уулзан, захидлаар харилцдаг дотно найзууд болцгоосон юм билээ. Намайг түүх сонирхож судлахыг эрмэлздэг байсны хувьд Б.Ширэндэв гуай зөвлөж, номын өмнөтгөл үгийг бичиж урам хайрлаж байсан.

Б.Ширэндэв гуай маш нягт нямбай хүн байсан. Номын тухайд 1994 оноос эхлэн асар олон материал эмхлэн цуглуулж байж 2000 онд оюутан байхдаа "Монголын түүхийн 17 жаран" нэртэй Монголын түүхийн хронологийг гаргасан даа.

-Сүүлийн үеийн анхаарал татсан гол сэдвийн хүрээнд хэдэн асуулт асууя. Агаарын бохирдол энэ жил бүр л их байх шиг байна. Сүүлийн 10 гаруй жил манай улс агаарын бохирдолтой тэмцэж, ихээхэн хөрөнгө хаясан ч үр дүн төдийлөн гарсангүй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг төр засгаас хийгээд байна гэх юм?

-Агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. Гүйцэтгэх засаглалд ажиллаж буй бүх хүмүүс анх сонгогдон гарч ирэхдээ утаагүй болгоно гэсэн амлалтыг өгч гарч ирдэг. Тэгээд гарч ирснийхээ дараагаар нэг мэдэхэд л бүтэлгүй төсөл хэрэгжүүлсэн болж хувирдаг. Гэрийн бүрээс, зуух тараах гэх мэт олон төсөл хэрэгжүүлжээ.

Одоо ямар төсөл рүүгээ орж байгаа юм. Маск тарааж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд бодитой үр дүн гарсангүй. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд эрдэмтдийнхээ үгийг сонсох ёстой гээд уулзаж байсан. Тэгтэл нэг хэсэг эрдэмтэд нь бид бүгдийг нь судлачихсан, хэрэгжүүлдэггүй болохоос биш гэж дуугарч байна билээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэл дутаж байна уу даа гэж би хардаг. Сэтгэл байхгүй дарга нарын зарим нь хөрөнгө мөнгөний хэрэгт ч орооцолдсон түүх бий. Бас ажлын уялдаа холбоо дутаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээд Ерөнхий сайдын дэргэд арваад жил ажиллаж байна. Энэ олон нялх хүүхэд, түмний үрсийн эрүүл мэндийг хохироож буй хүмүүст үйлийн үр нь эргээд ирнэ. Үйлийн үрээ дааж чадах уу. Би саяхан бухимдахдаа өөрийнхөө нүүрномд пост бичээд сууж байхав дээ. Хүмүүс аргаа барсандаа салхинд л найдаж байна.

Баахан бүтэлгүй төсөл хэрэгжүүлж ирчихээд Улаанбаатарын хотын дарга нь энэ жил Аз жаргалтай хотын индекс аргачлалыг тооцох зардалд тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан байгааг хараад хэлэх үг олдоогүй. Тавлаж байгаа мэт санагдаж байна. Уг нь агаарын бохирдлыг бууруулах арга замууд байгаа. Нийгмийн, дэд бүтцийн олон гаргалгаанууд байна.

Оновчтойг нь хийж байгаа юм алга. Адаглаад төвлөрлийг сааруулах ажлыг дэс дараатайгаар хиймээр байна. Хэрвээ шат дараатай хийж байсан бол Улаанбаатар хотын төвлөрөл өнөөдөр ийм шамбааралдсан байдалтай байхгүй байсан. Наад зах нь хотоос их дээд сургуулиудаа гаргачихмаар байна.

-УИХ-ын гишүүний нэгийн хувьд утааг бууруулах ажлыг УИХ-ын 76 гишүүнийг хийх ёстой гэж олон нийт үздэг. Таны хувьд агаарын бохирдлыг бууруулахад ямар хувь нэмэр болж байна вэ?

-Үндсэн чиг үүргийн хувьд гардан хийдэг газар нь бол Засгийн газар, яам, хот гээд гүйцэтгэх засаглалын хийх ажил мөн. Хэрвээ гүйцэтгэх засаглалынхан утааг бууруулах ажлууд дээр тодорхой гаргалгаа гарцаа оруулаад ирвэл УИХ дээр дэмжихэд бэлэн байна.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор миний хувьд нэгэн санаачилгыг гаргаж судалж эхэлж байна. Татварын аргаар дэмжээд өгөх бодол бас байна. Жишээлбэл, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахын тулд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч авч тавилаа гэвэл тухайн байгууллагын татварт хөнгөлөлт өгч татвараас нь чөлөөлж, төрөөс дэмжлэг үзүүлчихэж болно.

Цэцэг, мод тарьж байгааг нь дэмжье. Дан ганц төр хийх ёстой биш утааг бууруулахын тулд санаачилгатай ажилаж буй аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжиж болно. Үүнийг тодорхой хууль болгон гаргахын тулд судалж байна.

-Агаарын бохирдлыг бууруулахгүйгээр зориуд мөнгө хийх гэсэн сонирхол дунд нь бас байдаг юм биш биз дээ гэсэн хардлага явдаг?

-Арай ч дээ. Олон түмний эрүүл мэндээр мөнгө хийдэг хүн гэж арай ч байхгүй байлгүй дээ.

-БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохдоо чуулганы хуралдааныг хаалттайгаар хуралдаж томилсон. Б.Хурцтай холбоотой иргэдийн гомдол саналыг хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлэг яг томилгоотой давхцаж болж байсан нь анхаарал татаж байсан?

-Ямар ч асуудал хууль журмынхаа дагуу хэлэлцэгдэж явна. Тэр өдрийн чуулганаар хэлэлцэх асуудалд орж, Засгийн газраас өргөн барьсан байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулсан зөвшилцөхөөр хүргүүлсэн гэх бичигтэй орж ирсэн.

Хууль журмынхаа дагуу УИХ хэлэлцсэн. Чуулганы хурлыг хаалттай эсвэл нээлттэй явуулах уу гэдгийг санал гаргасны үндсэн дээр шийддэг. Тухайн субьект нь улсын нууцтай холбоотой асуудал хариуцаж байсан хүний хувьд хэрвээ асуулт, хариулт явагдаад улсын нууцтай холбоотой асуудал яригдвал хаалттай болох нь зүйтэй гэсэн саналын горимоор явсан.

Энэ явдлаас улбаалж цаашдаа нэгэн жишиг тогтож байх шиг байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэн нэгэн хүний томилгоо, эсвэл нийгмийн чухал асуудлыг хэлэлцэх үед хажууд нь таалагдахгүй байгаа нэг хэсэг нь нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болох нь.

Тэгээд та нар чуулганы хурлаа хүлээж бай гэх нь л дээ. Монгол Улсын УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн. Энэ байгууллагын эрх зүйн чадамжийг сулруулсан явдал байж болохгүй ээ. Сайд Ц.Нямдорж "Энэ хэлэлцүүлгийг дуусгачихгүй дээ. Чуулган хүлээж байхгүй яасан юм" гэсэн утгатай үг хэлсэнд би ихэд гайхсан.

Парламентад олон жил суусан, туршлагатай улстөрч хүн ийм зүйл ярьж, буруу үлгэр дууриалал үзүүлээд сууж байгаад харамссан. Би бүлгийн хурал дээрээ өөрт нь энэ тухай хэлсэн. Энэ чинь Монголын төрийг хүчгүй болгож харуулж байна.

Ямар асуудал хэлэлцсэндээ гол биш цаашдаа Монгол Улсын парламентыг хуралдахаа хүлээж бай, бид энд ярьж байна гэдэг жишгийг тогтоох гээд байна уу даа гэж бодогдсон. Ингэх тохиолдолд үүнийг нь манай Хууль зүйн сайд нь дэмжих юм байна. Харамсалтай л юм.

-Ерөнхийлөгч гурвантаа хориг тавьсан. Хориг тавьсан нь УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйн илэрхийлэл. Тэгэхээр өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа хэдэнтээ алдаа гаргаж, засч залруулахаас аргагүй байна гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын томилгоо, нэр бүхий нэг сайд дээр хориг тавьсан. Үүнийг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа байв уу эсвэл өөр зүйл байв уу би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч 2018 оны төсвийн тодотгол дээр хориг тавьсан. Хориг тавьж буй бичиг дээрээ нэр томьёо нь буруу, тоо нь зөрүүтэй хариуцлагагүй бичиг анхнаас нь ирүүлсэн.

Агуулгаа зөв тавиад ороод ирсэн бол дэмжигдэж болно. Жишээлбэл, УИХ-ын дагалдах хуулиуд дээр хориг тавьсан бол хоригийг хүлээж авч болно. Төсвийг бүхэлд нь биш тус тусад нь хориг тавьсан бол тодорхой хэсэг дээр нь засч залруулъя гэж болно. Тухайн хориг тавьж буй асуудал нь оновчтой зөв тодорхойлоод ороод ирэх юм бол хориг хүлээж авах асуудал яригдана.

-2018 оны төсөв зарлага талдаа нэлээн үрэлгэн төсөв боллоо гэж байсан. Хөдөө орон нутаг руу буюу тойрог руу нэлээн мөнгө тавигдсан уу?

-Төсвийн хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй явсан. Мөнгөгүй байгаа юм уу гэхэд мөнгөтэй юм шиг төсөв болсон гэлцэж байсан. Төсөв дээр хамгийн их шүүмжлэл хэлсэн хүний нэг би. Тухайлбал, яг ижил багийн байр барихад нэг газраа 50 сая төгрөг, нөгөө газраа 350 сая төгрөгөөр баригдах төсөв орж ирсэн.

Үнийн эрс тэрс зөрүүтэй байна гэж шүүмжлэл хэлж байсан. Сангийн сайд шинээр томилогдоод төсөв рүүгээ гүнзгий орж чадаагүй гэсэн тайлбарыг хэлж байх шиг байсан. Гэхдээ ганцхан Сангийн сайд Монгол Улсын төсвийг оруулж ирдэггүй. Яам, салбар болгон тэнд ажиллаж байгаа ажил хариуцсан хүн бүрийн хариуцлага байх ёстой. Харахад УИХ-ын гишүүд рүүгээ дайрдаг хандлага ажиглагддаг боловч үүний ард ажил хариуцсан төрийн албан хаагчид бас бий.

-Манай улсыг Европын холбооноос хар жагсаалтад оруулчихсан. Үүнээс болж хориг арга хэмжээ авагдах нь гэсэн мэдээлэл гарч байна. Үүнээс болж гарах үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Манай улсын санхүү эдийн засгийн систем уламжлалт тогтолцоогоор яваад өнөөдрийг хүрсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудад гаргаж өгдөг мэдээ мэдээлэл нь бүрхэг байгаа шиг байгаа юм. Манай улсын банк санхүүгийн мэдээлэл нь олон улсын түвшинд шилэн бус юм байна гэж ойлгосон.

Шилэн бус учраас Европын холбооноос шаардлага тавьсан гэж ойлгосон. Ажил хариуцсан, мэргэжлийн хүмүүс нь үүнд хариултыг нь өгөх байх аа.

Сэтгүүлч Б.Долзодмаа