Жолооч нар даатгалын үйлчилгээ авах хүсэлтийнхээ хариуг заавал бичгээр ав

Жолооч нар даатгалын үйлчилгээ авах хүсэлтийнхээ хариуг заавал бичгээр ав

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочын даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд бид Монголын даатгуулагчдын нэгдсэн холбооны тэргүүн С.Алтанчимэг болон тус холбооны ТУЗ-ийн дарга Ц.Доржбат нартай ярилцлаа.

-Сайн байна уу? Бидэнд нийгэмлэгийнхээ талаар товч танилцуулаач?

С.А: -Монгол Улсын даатгалын систем нь нэг талаас даатгагч буюу даатгалын компани, нөгөө талаас даатгалын хураамжаа төлж байгаа иргэн буюу даатгуулагч гэсэн хоёр талын оролцоотойгоор хөгжиж байна. Гэтэл даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан байгууллага төдийлөн үйл ажиллагаа явуулахгүй байснаас үүдэлтэйгээр Монгол Улсад даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хэд хэдэн ТББ-ууд үүсэн байгуулагдсан байсан. Тэдгээр ТББ-ууд нэгдээд “Монголын даатгуулагчдын нэгдсэн холбоо”-г 2013 онд байгуулсан. Энэ холбоог байгуулснаас хойш даатгалын бүтээгдэхүүн тус бүр дээр өөрсдийн дуу хоолойгоо тодорхой хэмжээнд хүргээд явж байна.

-2013 онд хэд хэдэн ТББ-ууд нэгдэж холбоо үүсгэсэн. Яг хичнээн байгууллагууд нэгдсэн бэ?

С.А: -Таван ТББ нэгдэж, холбооны хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Даатгалын бүтээгдэхүүнээс бид энэ удаад онцгойлон жолоочын хариуцлагын даатгалыг авч үзэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Энэ даатгалтай холбоотой даатгуулагчдаас гомдол, санал танай байгууллагад ирдэг үү?

С.А: -Жолоочийн албан журмын даатгал дээр манай байгууллагаас хийсэн ажил их бий. Энэ даатгалын бүтээгдэхүүн өөрөө албан журмын даатгал. Товчхондоо хэлбэл, даатгалын бүтээгдэхүүн өөрөө сайн дурын.

Өөрөөр хэлбэл, тухайн жолооч хүссэн ч, эс хүссэн ч жилд нэг удаа заавал даатгал төлөх ёстой гэсэн үг.  Нэгэнт даатгалын хураамжаа төлсөн бол тухайн иргэн даатгуулсан компаниасаа үйлчилгээгээ авах эрх нь бүрэн нээгдэж байгаа.

Харин даатгалын компани даатгуулагчиддаа үйлчилгээгээ 100 хувь үзүүлж чадахгүй байна. Үүнд дээр манай холбоо ажилладаг. Жишээ татахад, даатгалын тохиолдол гарахад даатгалын компаний зүгээс маш их бичиг баримт нэхэж, цаг хугацаа алдуулах, олон дахин явуулж чирэгдэл учруулдаг. Тэд нөхөн төлбөрийг аль болох олгохгүй талаас нь ажилладагт бид харамсаж байна.

-Танай холбооны зүгээс даатгуулагч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо яаж хүргэж байна вэ? Үйл ажиллагааны чиглэлээ дэлгэрүүлбэл?

С.А: -Бидний хувьд Албан журмын даатгагчдын холбоотой ойр ажилладаг. Болох, болохгүй тохиолдол болгон дээр тухай бүрт нь ажилладаг. Мөн Замын цагдаа болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажилладаг. Фэйсбүүк хуудсанд албан журмын даатгуулагчдын нэгдсэн групп үүсгэж сошиалаар санаа оноогоо иргэдтэй хуваалцдаг. Мөн даатгалын компаниудтай ч мөн хамтардаг.

Бүх даатгалын компанийг бүгдийг нь муу үйл ажилладаг гэж болохгүй. Тохиолдол болгоноо ойлгоод алдаагаа засаад сайжруулаад явдаг даатгалын компани ч бий. Чихгүй юм шиг ойшоодоггүй даатгалын компани ч бий.

-Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжээд таван жил болж байна. Таны харж байгаагаар уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

С.А: -Хуульд даатгуулагч талаас ч, даатгагч талаас ч тэр аль аль талаасаа алдаа оноотой зүйлүүд бий. Хуульд зөрчил байгаа учраас л даатгуулагчдыг хохироож, чирэгдүүлж, даатгалын бүтээгдэхүүний утгыг алдагдуулж байна. Энэ даатгал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэтэл иргэдийн дунд энэ бүтээгдэхүүний нэр хүндийг алдагдуулчихлаа.

Ганц нэг даатгалын компаниас болоод энэ даатгалын нэр хүнд уначихсан. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компаниуд ч саналаа аль аль нь санал өгч хуулийг сайжруулах шаардлагатай. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр даатгалын компанид олз боллоо.

Даатгуулагч эрсдэл гаргаад хүний машинд хохирол учруулсан бол даатгалын компаниа дуудаад нөхөн төлбөр авах ёстой.

Замын цагдаа 100 мянган төгрөгөөр торгож, 5 оноог хасаж байна. Ингэхээр Замын цагдаа дуудаж, даатгалаар үйлчлүүлэх хохиролтой болсон.

100 мянгаар торгуулж, 5 оноогоо хасуулсан мөртлөө даатгалаас хэдэн төгрөг авахаа иргэд мэддэггүй. Тиймээс тохиролцоод өнгөрдөг. Даатгалаас буцаад үйлчилгээгээ авах эрх нь хаагдсан. Энэ тал дээр Замын цагдаа, СЗХ, Албан журмын даатгагчдын холбоо оролцоод шийдлүүд гарсан.

Уг нь хуульд “шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгтэй” гэсэн зүйл бий. Шаардлагатай тохиолдол гэдэг нь хохирол өндөр, хүний эрүүл мэнд амь настай холбоотой байвал зайлшгүй мэргэжлийн байгууллага дуудна гэсэн үг. Үүнээс бусад тохиолдолд цагдаа дуудаж, даатгуулагчийг чирэгдүүлэх шаардлагагүй.

Гэтэл өнөөдөр тодорхойлолт авах гээд замын цагдаа дээр очихоор нөхцөл тохиолдлыг нүдээрээ хараагүй, гэрчлээгүй учир тодорхойлолт өгөхгүй гэж завхардаг.

Ингээд даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй байна. Албан журмаар даатгалд мөнгө төлдөг хэрнээ эргээд нөхөн төлбөрөө гаргуулахад асуудалтай байна.

-Даатгалын компанийн зүгээс замын цагдаагийн тодорхойлолт гэхээс илүү камерын зөвшөөрлийг авъя гэсэн хүсэлтийг явуулсан гэж ярьж байсан. Залилангийн шинж чанартай тохиолдлууд гарах магадлалтай гэж тэд үзэж байгаа юм байна лээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

Ц.Д: -Есдүгээр сард болсон СЗХ, АЖДХолбоо, болон талууд оролцсон хэлэлцүүлгийн үеэр камерын асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс өмнө бол огт яригдаагүй байсан. Тодорхой нэг компаниас хүсэлт гаргасан тохиолдлууд байсан боловч шийдвэрлэж өгөөгүй юм байна лээ. Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд,  иргэдийн дунд энэ даатгал хэрэггүй болсон байна гэдэг ойлголттой болсон дараа энэ хэлэлцүүлэг зохиогдсон. Тэр үеэр даатгалын компаний зүгээс даатгалын залилан үүсгэж нөхөн төлбөр гарч магадгүй гэдэг үндэслэл хэлж, 

даатгалын компаниуд өөрсдөдөө хамгаалалт хийж байна лээ. 

Гэхдээ хуулийн дагуу Албан журмын даатгалд даатгагдсан бол эхлээд хохирлыг барагдуулаад дараа нь гэм буруугийн асуудлыг ярилцах ёстой. Хохирлыг барагдуулчхаад дараа нь зохиомол байсан уу үгүй юу гэдэг дээр шалгалтыг хийх ёстой. Тэгэхгүйгээр эхлээд залилан мөн эсэхийг тогтоочхоод дараа нь хохирлыг барагдуулна гэвэл дахиад л иргэдийг чирэгдүүлсэн зүйл болж хувирна.

-Санхүүгийн зохицуулах хорооноос 10 сард гаргасан чиглэлийг даатгалын компаниуд хэрэгжүүлж эхлэх нөхцөл хараахан бүрдээгүй байгаа гэсэн тайлбарыг өгч байсан?

Ц.Д:

-Өнөөдөр чиглэл өгсөн гэж ярьж байгаа боловч анхнаасаа байсан зохицуулалт.

Хоёр жолооч тохиролцсон тохиолдолд хэн хэн нь цагдаа дуудах шаардлагагүй.

Өөрийн буруугаа хүлээгээд, өөрийн даатгалаа дуудаж цагдаагийн шаардлагагүйгээр нөхөн төлбөрөө авах ёстой. Гэтэл даатгалын компаниуд тэр журмыг хойш нь тавьсан.

Даатгалын салбар хөгжөөд удсан гэж байгаа боловч зах зээлд шилжсэнээс хойш иргэдийн даатгалын үйлчилгээг хүлээж авч байгаа сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй.

Үүнийг ашиглаад даатгалын компаниуд тоглолт хийж байгаа юм. Албан журмын даатгалын үйлчилгээ авахыг хүсээд даатгалын компанидаа хандсан бол хариуг нь заавал бичгээр ав гэж иргэдэд зөвлөе. Нөхөн төлбөрийг нь барагдуулсан ч бичгээр ав. Барагдуулаагүй байсан ч үндэслэлийг нь бичгээр ав. Ингэж л засахгүй бол систем нь хөгжихгүй. Хүмүүс өөрсдөө яваад л байдаг, яаж заргалдаж, маргаан үүсэхээ мэддэггүй.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn