Баттөмөр.Б 2018.01.04

Төв банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Төв банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль санаачлагчид нь Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөсөн байна.

Хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 1 сарын 3-нд хуралдаж, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1, 4, 5, 8, 11 дэх  заалтыг, мөн зүйлийн 9 дэх заалтад “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, зарим зүйл, хэсэг заалтыг хассантай холбогдуулан бусад зүйл, хэсэг, заалтын дугаарыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж, шийдвэрлэжээ.