Бат-Эрдэнэ.Б 2018.01.04

Б.Бат-Эрдэнэ: Бүрхэг бус тодорхой, ЗОРИГТОЙ алхамуудыг тусгах хэрэгтэй

"Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан өнөөдөр (2018.01.04) Төрийн ордонд болж байна. 

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "зоригтой алхам хийх цаг болсон. Тиймээс ажлын хэсэг бүрхэг бус тодорхой шийдлүүдийг гаргаж өгөх хэрэгтэй" гэдгийг онцлон хэллээ.

Б.Бат-Эрдэнэ

Өчигдөр ажлын хэсэг сайтар ярилцсан. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчинг сайжруулах, шинэчлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг энэ намрын чуулганд багтааж батлах гэдэг саналыг дэмжиж байна. Энэ тогтоолын төслийг хоёр хэсэг болгож батлах боломжтой юу?

Нэг нь яг одоо тулгамдаж буй асуудлуудыг ЗГ, Нийслэл, яам агентлагуудаа үүрэг чиглэл өгсөн чиглэлтэй, нөгөөх нь цэвэр хууль, эрхзүйн хүрээнд хийх өөрчлөлтийг багтаасан чиглэл өгөх нь зүйтэй. Зарим арга хэмжээ хатуу сонсогдож магадгүй, гэхдээ дэлхийн бусад улс орны чиг хандлагын дагуу ийм хатуу арга хэмжээг авахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна.

Мөн “төвлөрлийг сааруулах зорилготойгоор их дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг 2018 онд багтаан судалж, холбогдох шийдвэрүүдийг гаргах” гэж байна.  

Энэ их бүрхэг сонсогдож байна. Маш тодорхой 2018 онд нүүхийг шийдээд, нүүлгэж эхлэх хэрэгтэй. Мөн иргэн, ААН биш төрийн байгууллагууд хотоос гарах зэрэг зоригтой ажлуудыг хиймээр байна.

Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн зорчигч тээвэрлэх үйлчилгээнд байгалийн шатдаг хийх, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгслийг ашиглана гэж байна. энэ ажил руу зоригтой шилжих хэрэгтэй. Төрийн албанд цахилгаан машиныг нэвтрүүлэх хэрэгтэй. яахаараа 40 тн чингэлэг шиг машин дарга цэрэг нар нь унаад, хотын төвд түгжрээд байдаг юм. Үүнийг болих хэрэгтэй.

ЕБС-уудыг амруулах шийдвэр зүйтэй. Мөн Оюутнуудыг мөн хамт амруулах санал гаргаж байгаа. гэхдээ амруулаад, гэрт нь гал түлүүлээд суулгах бус харин хөдөө орон нутаг руу явах чиглэлийг нь дэмжих хэрэгтэй.