2018.01.03

Утааны эсрэг төр, нийгмийн бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ёстой

Өнөөдөр төрийн ордонд агаарын бохирдлыг эсрэг цогц арга хэмжээ болсон байна.

Агаарын бохирдлын эсрэг ажлын хэсэг хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргасан бол төрийн ордонд утаагүй зуух, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаас агаарын бохирдлын эсрэг зохих шийдвэрийг гаргасан бол УИХ-ын дарга утааны эсрэг төр, нийгмийн бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ёстой гэдгийг онцолсон байна.

Ё.Баатарбилэг: Ажлын хэсэг тухайн дүүргүүдэд ажиллахдаа оршин суугчидтай уулзах ёстой. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд оршин суугчдад ямар хүртээмжтэй байсныг мэдэх хэрэгтэй. Мөн нийслэл болон дүүргүүдэд өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын явц, УИХ, Байнгын хороодоос гарсан Засгийн газарт өгсөн тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь үзээд албан тушаалтнуудтай энэ талаар ярилцах ёстой. Хариуцлагын асуудал ч яригдана. Мөн утааны асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудтай уулзаж, санал гомдлыг сонсох, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

М.Энхболд: Утааг бий болгож байгаа субъектууд тодорхой хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээхдээ асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас тодорхой хэмжээнд анхаарах ёстой. Тухайлбал ажлын хэсгийн саналаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг дагаж орж ирсэн агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж, түүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх зарим багаж, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх санал гаргаж байна.

У.Хүрэлсүх: Өнгөрсөн 17 жилийн хугацаанд утааны асуудалд нийтдээ 200 орчим тэрбум төгрөг зарсан. Бүгд үр ашиггүй өнгөрсөн үү гэвэл үгүй. Ямар ч байсан утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө хөрөнгө мөнгө зарцуулагдсан нь үнэн. Гэхдээ утаа гаргадаг яндагийн тоо жил ирэх тусам өсч байгааг мартах ёсгүй. Цаашдаа утаатай тэмцэхийн тулд сахилга баттай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх хэрэгтэй байна.