Б.Саранчимэг: Томоохон,  цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй
2018.01.04

Б.Саранчимэг: Томоохон, цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй

"Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн дүгнэлтийн байнгын хороогоор хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "УИХ-ын тогтоолын хэхэгжилтийг хэрхэн хангах, цаашлаад өнгөрсөн хугцаанд энэ чиглэлээр хийсэн ажил яагаад үр дүнгүй байгаад цогц дүгнэлт хийсэн эсэх"-ийг асуусан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

УИХ-ын ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ байна гэж үзсэн байна. Өнөөдөр бид дахиад нэг тогтоол батлах гээд сууж байна. Энэ тогтоол цаашид хэрэгжихгүй бол хэн хариуцлага хүлээх бэ? гэдгийг асуумаар байна.

Сүүлийн жилүүдэд 157 тэрбум төгрөг агаарын бохирдолд зарцуулсан гэдэг тооцоог хэлж байна. Маш их хөрөнгө зарцуулаад, яагаад ийм дорвитой өөрчлөлт гарахгүй байна вэ гэдэг дээр томоохон дүн шинжилгээ хийх хэрэгтэй байгаа юм. Засгийн газар үүнд цогц, дүн шинжилгээ хийж үзсэн үү?

Нийслэлийн удирдлагууд энд харагдахгүй байна. Нийслэлийн удирдлагууд энэ дүн шинжилгээ дээр ямар бодолтой байгааг асуумаар байна.

Мөн цаашид ямар хэмжээний хөрөнгө зарцуулж байж үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

Гэр хорооллын яндангаас гадна маш их хорт утаа ялгаруулж байгаа хуучны цахилгаан зуухнуудаас цаашид ажиллуулсаар байх уу?

Ажлын хэсгээс гаргаж байгаа тогтоол дээр ТЭЦ 3, 4 гэсэн үг харагдахгүй байна.  Орчин үеийн хорт утаагүй цахилгаан станц барих асуудлыг сүүлийн 10 жил ярьж байгаа. 5-р цахилгаан станцыг барих ажил ямар байдалтай байна вэ?

Улаанбаатарт агаарын бохирдуулах эх үүсвэр болж байгаа арьс шир угаах үйлдвэр, шатахууны агуулахууд зэрэг газруудыг хэзээ нүүлгэхээр төлөвлөж байна вэ?

Хууль эрхзүйн орчин сайжруулах нь бол зайлшгүй шаардлага байгаа. Үүнийг засгийн газар хэзээ оруулж ирэхээр тусгаж байгаа вэ? Үүнд дотор хот суурин газрын ногоон байгууламжуудын асуудлыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай. Өнөөдөр Улаанбаатар хот цэцэрлэгт хүрээлэн гэж ярьж байгаа ч яг тодорхой хэдэн цэцэрлэгт хүрээлэн барихаар тооцож байгаа вэ?

БОАЖ сайд Н.Цэрэнбат хариулав

"Нэг буруу ойлголтыг засах хэрэгтэй. Сүүлийн үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөв мөнгө жил бүр өсөж байсан гэж ярьж байна. Яг үнэндээ 2014 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт 3 дахин багассан. 2012, 2013, 2014 онд хамгийн оргил буюу 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл 2015 онд Цэвэр агаар сангийн хөрөнгө дээр асуудал гарангуут сангийн үйл ажиллагаа, хуулийг  зогсоосон.

Биднийг нэг алдаа байна нэг бол сайны туйл, нэг бол муугийн туйл мэт асуудалд ханддаг. Жилд 4.2-5 тэрбум төгрөг л өнгөрсөн жилүүдэд суусан. Өнгөрсөн жил 4.9 тэрбум төгрөгийн тусгасан. Үүнийхээ 3.2 цахилагааны тарифын тэглэлтэнд татаас болгож өгсөн. Ингээд Монгол улс бүхэлдээ 1.7 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй" гээд тэрээр үргэлжүүлэн бусад асуултанд хариулт өгсөн юм.