Ойрын хугацаанд утааг бууруулах шийдлүүдийг танилцуулж байна
2018.01.03

Ойрын хугацаанд утааг бууруулах шийдлүүдийг танилцуулж байна

Утааг бууруулах зарим шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэн Төрийн ордонд өнөөдөр гарч байна. 

Уг үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд халдаг нано цонх, дулаалгын материалууд, агаар цэвэршүүлэгч, яндангүй байшин төсөл зэргийг танилцуулж байлаа.  

Тухайлбал халдаг нано цонх нь ухаалаг халаалттай бөгөөд цонхны давхар шилэн бүтцийн дотор тал нь өрөө тасалгаа дулаацуулах, агаарт байгаа вирусийг устгах, тоосжилтыг багасгах зэрэг үйлдэл хийдэг байна. Уг цонхны нэг мкв-ын үнэ нь 650 мянга ажээ. Түүнчлэн дулаан гаргах хэмжээ нь +70 C, эрчим хүчний зарцуулалтын дээд, доод хязгаар нь 40-18 вт/м2 юм байна. 

Харин дулаалгын материалын хувьд чулуун хөвөн, хонины ноосон барилгын материал зэрэг байв. Барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материалыг бүх төрлийн барилгын хана, шал, давхар хооронд таазанд дулаан тусгаарлах зориулалтаар ашиглана. 

Хонины ноосон дулаалгын материал 10 сантиметрийн зузаантай нь мкв нь 19 мянга, 5 сантиметрийн зузаантай нь мкв нь 9,500 төгрөгийн үнэтэй байна. Чулуун хөвөн нь галд шатахгүй, дулаан хадгалалт өндөр бөгөөд дуу чимээ тусгаарладаг байна. 

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн гарч байгаа үзэсгэлэнгийн зорилго нь ойрын хугацаанд утааг бууруулах шийдлүүдийг танилцуулах юм.  

Улаанбаатар хотын А бүсэд Их тойруугийн дотор яндан ашиглахгүй байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ойрын, дунд хугацааны шийдлүүдийг шалгаж байж хэрэгжүүлэхгүй бол өмнөх зуух, шахмал түлш зэрэг нь амжилтгүй болж төрийн мөнгө үрэгдсэн.

Ийм учраас сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд утааг багасгах олон зуун шийдлүүд дээр ажиллаж байна. 

Утааг багасгах урт хугацааны шийдэл нь дагуул хот бий болгох юм. Мөн хөдөөд бүсийн төвүүдийг дэмжиж, аймгийн төвүүдийн төвлөрлийг сааруулахаар төлөвлөөд байгаа" гэлээ.