Ж.Энхбаяр 2018.01.04 | Сайт: Мэдээ.МН

МАН татвар нэмэхгүй гэсэн амлалт өгчихөөд ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой

МАН татвар нэмэхгүй гэсэн амлалт өгчихөөд ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараахь асуултад тодруулга авлаа.

-Энэ оны эхний өдрөөс хэд хэдэн татвар нэмэгдчихлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-2016 оны сонгуулиар МАН ялахдаа татвар нэмэхгүй гэж амлалт өгөөд сонгогдсон. Ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах ёстой. 72 мянган хүнд хамаарах татварын өөрчлөлтөөр 50 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоо байгаа. Энэ нь өөрөө нийгмийг чирж яваа, хөдөлмөрөө илүү үнэлүүлж чадаж байгаа 70 мянган хүн шүү дээ.

Нэг хүний ард дорж хаяж 3-5 хүний амьдрал холбоотой байгаа. Тэгэхээр энэ ганц 70 мянган хүний асуудал биш 300-400 мянган хүний асуудал болж хөндөгдөж байгаа. Цалингийн системийг дагаад ипотекийн зээл, автомашины гээд олон зээл уягдаж байгаа. 25 хувийн татвар нь 1 автомашины зээл төлөх хэмжээний мөнгө болчихоод байна л даа.

Үүнийг дагаад хүмүүсийн амьдралд доргилт үүснэ.Энэ дорргилтыг дагаад банк санхүүгийн системд өөрчлөлт хэрэгтэй болно. Ингээд татвар нэмсэн биш нийгэм, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн асуудал болох вий гэж бодож байна.

-Татварын нэмэгдлийн асуудлыг ОУВС-тай дахин ярилцаад харилцан шийдвэрт хүрч болдоггүй юм уу?

-Хууль нэгэнт үйлчлээд эхэлсэн. Нэг жилийн хугацаанд ерөнхий дүр зургаа хараад, хийгээд л үзнэ дээ. Үнэхээр орлого нэмэгдэж үү? Татварын бааз суурь сайжирч уу гээд аль нь зөв байж гэдгийг аль аль талдаа хяналт сайтай харна даа.

-Өөр бодитой эх үүсвэрийг гаргаж ирээд шийдвэрээ эргэж харах боломж байдаггүй юм уу?

-Нийгэм юу хүсэж байна вэ гэвэл баялгийн шударга хуваарилалтыг л хүсэж байгаа. Төрийн өмчийн асар их аж ахуйн нэгж байна. Үүнийг хувьчлах цаг болсон. Их хувьчлалыг хийх цаг болсон. Хөрөнгийн зах зээлээрээ дамжуулж боломжийг нээж өг. Хүн амын 80 гаруй хувь нь 40-өөс доош насны залуучууд.

Монголчууд залуу ард түмэн. Энэ залуучууд 90 оны хувчлалд, баялгийн хуваарилалтад оролцож чадаагүй. Баялгийн хуваарилалтыг бид тэгш нээлттэй хийх хэрэгтэй. Үүнийг хөрөнгийн зах зээлээр дамжуулж хийх хэрэгтэй. Томоохон үйлдвэрүүдийг хувьчлах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. 

-Тэтгэврийн нас нэмэгдсэн явдалд ахмадууд бухимдаж байна шүү дээ?

-Эрүүл мэндийн үйлчилгээ чанар сайжирсантай холбоотойгоор монгол хүний дундаж наслалт өсч байгаа. Өндөр насандаа ажил хөдөлмөр хийх чадвараа хадгалж байгаа.Гэхдээ ажил мэргэжлийн зааг бол байгаа. Хүнд нөхцөл, олон цагаар гадаа ажилладаг салбар гэх мэт. 60-тай хурандаа марк алхаанд хөл нийлүүлэн алхаж чадахгүй шүү дээ.

-Нэг талдаа ард түмнээсээ авах татваруудаа нэмээд банйа. Гэтэл нөгөө талд гишүүд утас бензинийхээ мөнгийг төсвөөс гаргуулж байгаа асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Гишүүдэд үнэхээр өгч байгаа. Гишүүдийн цалин сая гаруй төгрөг байдаг. Утасны мөнгө, бензиний зардал гээд нэмэлтээр өгдөг. Нийлээд сая орчим болдог болов уу.

Би татгалзлаа гээд нэмэргүй л дээ. Нэгэнт төсөв батлагдаад бүгдэд өгөөд явж байгаа. Батлагдсан төсвийн дагуу зарцуулалт хийгдэж байгаа.

Ж.МЯДАГБАДАМ