Энхбаяр.Ж 2018.01.04 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Төрийн зарим байгууллагуудыг 2019 ондоо багтааж Дархан хот руу шилжүүлэх боломж байна

Ж.Энхбаяр: Төрийн зарим байгууллагуудыг 2019 ондоо багтааж Дархан хот руу шилжүүлэх боломж байна

"Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн дүгнэлтийн байнгын хороогоор хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "2019 ондоо багтааж Дархан хот руу төрийн байгууллагуудыг шилжүүлэх" санал гаргасан юмаа. Тэрбээр Дархан хотыг дагуул хот болгох саналаа дараах байдлаар тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Төвлөрлийг сааруулах зорилгоор судалгааны их сургууль байгуулах гэсэн заалт 9 хэсэг дээр байна. Үүн дээр төрийн байгууллагуудыг хотоос гаргах асуудлыг тусгах боломж байгаа юу? ШУА, судалгааны хүрээлэнгүүд, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор гэх мэт хотоос гаргах бололцоотой байгууллагууд нилээд бий.

Тэдгээр байгууллагуудын жагсаалтыг гаргаад, хаврын чуулганаар төсвийн бодлого хэлэлцэх үед төсвийг нь суутгаж өгөөд, 2019 онд энэ ажлыг хийж болох юм.

Монгол улсын дараагийн эдийн засгийн гэнэ үү, улс төрийн гэнэ үү шинэ төвийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн байгууллагууд тэнд очих ёстой.

Хамгийн бололцоотой хувилбар бол Дархан хот санагддаг.

Дэд бүтэц, харилцааны хувьд бололцоотой, мөн эрчим хүчний хангалттай нөөцтэй, тэлэх талбайтай. Дархан хотод суурилаад төрийн нилээд байгууллагуудыг шилжүүлэх боломж байгаа. Үүний дагуу 2019 онд Дархан хотод 100 орчим тэрбум төгрөгийн, бодлогын хөрөнгө оруулалтыг хийх боломжтой.

ХААИС-аас эхлээд хэд хэдэн сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, мал эмнэлэг үржлийн газрууд гээд олон байгууллагуудыг тэр бүс нутаг руу шилжүүлэх бүрэн боломжтой. Нэг жилийн дотор ч хийчих бололцоо байна. Үүнийгээ дагаад бодитоор 100 мянган хүн шилжих боломжтой. Дархан хот өнөөдөр 100-аад мянган хүн амтай бол, 200 мянган хүн амтай Монгол улсын хоёр дахь том төв болох бодлого гаргах боломжтой. Эрдэнэт хот бол газар нутаг болоод дэд бүтцийн хувьд нилээд хязгаартай.

Хүүхдийн сургууль амарсантай холбоотойгоор түгжрэл багасаад байгаа. АСЕМ -аар орж ирсэн тэр олон автобусыг сургуулиудад өгчихвөл яасан юм бэ? Нийтийн тээвэрт явах боломжгүй нэг хаалгатай, 300 аад автобус байна гэж сонссон. Энэ бас нэг шийдэл байж болох байх гэж бодож байна.