Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө
2018.01.04

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр банкуудад эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай хамтран ажиллаж байна.  

Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381 гаруй мянган хүн 10 банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Эдгээрээс 230 гаруй мянган хүн 680 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар тэтгэврээ барьцаалж авчээ.