Ё.Баатарбилэг: Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн гарах ажлыг л дэмжинэ
2018.01.04

Ё.Баатарбилэг: Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн гарах ажлыг л дэмжинэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгайлан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд ажлын хэсгийнхэн ямар ажил хийх вэ?

-УИХ-ын даргын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар судлах ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн пүрэв гаригт ажлын хэсгийнхэн анхны хурлаа хийсэн. Энэ хуралд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон нийслэлийн Засаг даргын зүгээс хийж буй ажлуудын талаар мэдээлэл сонссон юм. Ер нь ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажил нэлээд байна гэж үзэж байгаа.

Ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтүүдийг Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хуралд оролцсон гишүүд Засгийн газрын зүгээс холбогдох хууль, тогтоомжуудыг өөрчлөх, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрхзүйн орчныг нэн даруй бий болгох зэрэг санал хэлж байсан. Хууль эрхзүйн орчны өөрчлөлтөөс гадна орчны бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах цогц арга хэмжээ авч ажиллах саналыг хүргүүлсэн.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдана гэсэн үү?

-Маргааш /өнөөдөр/ ажлын хэсгийнхэн өргөтгөсөн хурал хийнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд би гишүүдийг нарийн төлөвлөгөө гаргаж, шахуу ажиллахыг шаардаж байгаа. Бидэнд холбогдох байгууллагуудын мэдээллийг үзэх, шаардлагатай технологи, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын санал санаачилгуудтай танилцах зэрэг шуурхай ажиллах шаардлага байгаа. 

-Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан мөнгөн хөрөнгөд анхаарал хандуулах уу? 

-Өнгөрсөн хугацаанд олон төрлийн арга хэмжээ авч ажилласан. Багц дүнгээрээ 200 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл байна. Үүнд сайжруулсан түлш, зуух тараасан, цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн зэрэг арга хэмжээ орж байгаа. Жил бүр гэрийн дулаалга, бүрээс, авто тээврийн хэрэгслийн утаа шүүгч ажиллуулах зэрэг олон ажил өрнүүлдэг.

Гэвч одоо утаа ихэссэн байдалтай байна. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс тодорхой, бодитой ажил хийх санал гаргаж байгаа. Одоо утааг бууруулахаас гадна хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг чухалчлах нь зөв. Утааны эсрэг ямар нэгэн зүйл тараах нь өөр хэрэг. Харин яг бодитой ажил хийж, зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Жил бүрийн өвөл болохоор л утаа ярьсаар хавартай золгоход мартдаг баймааргүй байна.

Бид ямар ч гэсэн шахуу төлөвлөгөөтэй ажиллая гэж байгаа. Мөн Ерөнхий сайдын ахалсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ажиллаж байгаа. Энэ үндэсний хороотой манай ажлын хэсэг уялдаж ажиллана. Маш тодорхой, бодитой санал гаргавал дэмжинэ. Гишүүдийн хувьд утааны асуудалд уян хатан хандаж байгаа. Засгийн газар асуудлаа оруулж ир, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн гарах ажлыг нь дэмжинэ гэж байгаа. 

-Холбогдох байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ийм ажил хийхэд ингэж үр дүн гарлаа гэсэн мэдээлэл л өгдөг. Гэтэл одоо агаарын бохирдол буурах нь байтугай бүр ч ихсэж байна. Холбогдох байгууллагуудаас үр дүн нь гараагүй ажлуудын талаар мэдээлж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнгүй болсон гэж хэлэхэд хэцүү юм билээ. Тав, арван жилийн өмнө ийм, тийм үр дүн гарна гэж хэрэгжүүлсэн байх. Тухайн үедээ ийм үр дүнтэй байлаа гээд л явж байгаа.

Гэтэл одоо нөхцөл байдал ийм байгаагийн шалтгаан нь ажлын уялдаа холбоо муу, технологи нь шаардлага хангахгүй,  шинжлэх ухааны тооцоо судалгаа муу байгаагаас болж уу гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс бид ажлын хэсгийн хурлаар эрдэмтдийн гаргасан судалгаа, дүгнэлт юу байна вэ гэдгийг харна. 

-Агаарын бохирдлыг бууруулахад яг ямар ажил хийвэл үр дүнтэй байх юм бэ?

-Айл өрхүүдийг цахилгаан халаагуур хэрэглүүлэх талаар нэлээд ярьж байна. Гэхдээ эрчим хүчний дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Ингэхгүй бол тенн залгахад л хүчдэл нь уначихаад байгаа юм билээ. Нэгэнт шөнийн тарифийг тэглэсэн юм чинь дэд станцуудыг өргөтгөхгүй бол гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэх боломжгүй. Хоёрдугаарт, түүхий нүүрс хэрэглэхийг болиулах хэрэгтэй. Харин түүхий нүүрс хэрэглэхийг шууд болиулж болохгүй учраас ядаж бага түлдэг болгомоор байна. Мөн сайжруулсан түлш хэрэглэх хэрэгтэй.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш