Г.Мөнхцэцэг 2018.01.05 | Сайт: Vip76.mn

“Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

“Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төсөлд УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулах, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцсэн хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг уншиж танилцууллаа.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив. Тэгэхдээ Улсын Их Хурлын  гишүүдээс гаргасан саналыг Засгийн газарт тэмдэглэлээр хүргүүлж, уг тогтоолын төслийг өргөн агуулгатай, товч тодорхой заалтаар чиглэл өгөн боловсруулахаар тогтоосон байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авч дууссаны дараа Агаарын бохирдолтой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлсний дараа санал хурааж, батлахаар боллоо. Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж үзэв.