2018.01.05

Н.Амарзаяа: Агаарын бохирдлыг бууруулах бодлогыг улс орны хэмжээнд гаргах хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг энэхүү тогтоолын төслийг боловсрууулан УИХ-д өргөн барьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотод бус хөдөө орон нутагт ч нүүрлээд байгааг онцолж, энэ бодлогыг улс орны хэмжээгээр авч үзэж гаргах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. НББСШУ болон Байгаль орчны байнгын хороо хоёр өчигдөр хуралдаад гаргасан шийдэл байна.  өчигдөр, өнөөдөр хоёр Байгаль орчны байнгын хороо, Төсвийн байнгын хороо хоёр бас хуралдсан. Төсвийн байнгын  хорооны гишүүдээс санал бодол гарсан. ҮҮнийг тусгах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.  

Өнгөрсөн 3 сарын 20 нд Засгийн газар “Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөр” гэж баталсан юм байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа, холбоог хангах,  хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, жил бүр тайлагнаж байх үүрэг гарсан байна. Тэгэхээр энэ хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт өнгөрсөн 3 сараас хойш ямар түвшинд хэрэгжиж байгааг БОАЖяамнаас УИХ-д оруулж ирж, ажлын тайлангаа тавих нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, энэ утааны асуудал нийслэл төдийгүй аймаг, сумын хэмжээнд бий болж, гамшгийн хэмжээнд хүрч байна. Энэ тогтоолыг гаргаж байгаатай холбогдуулан Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудлыг, бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

Тухайлбал экспортолж байгаа 1тн нүүрс тутмын 1000 төгрөгөөр агаарын бохирдлыг бууруулах сангийн хөрөнгийг бүрдүүлж байгаа.

Гэтэл нүүрс гаргаж байгаа орчим, хилийн боомтуудын орчим, орчмын сумын ард иргэдийн амьдрах орчны агаар маш хүнд байгаа. Тиймээс Засгийн газар үүн дээр цогц байдлаар арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс тэр нүүрснээс байгаа орлогынхоо зохих жаахан хэсгийг нь тухайн олборлолт хийж буй нутаг оронд нь  зориулдаг болох хэрэгтэй.