Баасанхүү.О Сарангэрэл.Д Л.Мөнхбаатар 2018.01.05 | Сайт: Vip76.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Үүнд:

1.Хуулийн 23 дугаар зүйийн 23.1-т заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгасан. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ.

3.Хуулийн зарим нэр томьёог одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгав. Тухайлбал, Улсын аюулгүй байдлыг хангах газар гэснийг Тагнуулын ерөнхий газар гэж өөрчлөхөөр тусгасан болно.  

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан юм.

Тэрээр: "Нэгэнт хуулийн өөрчлөлт орж байга юм бол хэлмэгдлийг цаашаа огт гаргахгүй байхаар асуудлыг шийдэх боломж байна уу? Энэ хуулийн гол бодлого нь 1937 оны хэл амыг л цааш нь дарах маягтай хандаж байна. Гэтэл энэ хэлмэгдэлт байнга үргэлжилж байна. Эдийн засгийн хэлмэгдэлт 1990 онд гарсан. АН-ынхан 35-тай хүмүүсийг дөрвөн хүүхэдтэй гэж нэрлээд, үйлдвэрүүдийг нь дампууруулж, ажилгүй болгоод 200 мянган төгрөгний тэтгэвэр нэртэй мөнгө өгсөн. Зүгээр байсан үйлдвэрүүдийг байхгүй болгосон. Ядаж тэтгэвэр авдаг хүмүүсийг 500 мянга хүргэмээр байна.

Мөн сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон байна. Та нарт таалагдахгүй, эсвэл зарим нэгэн бүлэглэлд таалагдахгүй бол хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгих байдал илэрч байна. Өнөөдөр АН-ынхан Ерөнхийлөгчдөө "пялдагадах" нэрээр МАХН-ын дотоод асуудалд орж байна. Хулгайч хулгайчаа сайн таньдаг гэдэг шиг. Тиймээс хэлмэгдлийн хуулийг цогцоор нь авч үзээд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байх боломж байгаа юу?" хэмээн асуусан юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: "Хэлмэгдлийн тухай бид олон ярьсан. Зөвхөн хэлмэгдэгсдийн өдөр цэцэг өргөснөөр ажил дуусч болохгүй гэдэг талаар хэлэлцэх эсэхийг ярих үед УИХ-ын гишүүд олон талаас ярьсан. Улстөрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүй байх асуудлууд 1992 онд Үндсэн хууль батлагдсаны гол утга учир үүнд оршиж байгаа " хэмээн хариулсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр хуулийн төслийн санаачлагчдын нэг юм. Тэрээр: "6 жил энэ хуулийг сэргээх гэж УИХ-ын гишүүд хичээсэн. Нэг бүтэн парламентын бүрэн эрх, нэг бүтэн парламентын хагас эрхийн хугацаанд энэ хуулийн төслийг хүлээж аваагүй. УИХ-ын дарга М.Энхболд энэ хуулийн төслийг хүлээж авсан. Үүнд талархал илэрхийлж байна" гэлээ.