2011.09.08

Оюутолгойгоос манайх 40 бус 60 хувийн ашиг олох боломжтой гэнэ

Тавантолгойгоос урьтаж Оюутолгойн асуудлыг цэгцлэх  талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нарын 20 гишүүн Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэд Засгийн газрын тэргүүнд шаардлагаа хүргүүлснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монголын талын ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Оюутолгойн гэрээнд хэд хэдэн өөрчлөлтийг нэн даруй хийхийг тэд шаардаж буй гэнэ. Гэрээг үзэглэсэн сайд нар Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийсэн талаар мэдээлж байсан ч энэ нь хангалтгүй үзүүлэлт болохыг дээрх гишүүнд тодотгов.

Гишүүд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Засгийн газрын тэргүүнээс шаардаж буй нь энэ гэнэ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн тэд үзжээ. Түүнчлэн шаардлагад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулсныг өөрчилж, хугацааг багасгах. Оюутолгойн ордод "Эрдэнэт" үйлдвэрийн зэсэнд ногдуулж байгаа шиг татварыг ногдуулах ёстой талаар ч дурьдсан байлаа. Хугацааг багасгахыг шаардаж байгаа нь хөрөнгө оруулагч тал богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхчих боломжтой хэмээн нэр бүхий гишүүд үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн үнийг 9000 ам.доллараар бодоход бол 1.7 жилийн дотор л хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 9-10 мянган ам.доллар байгаа. Цаашдаа 7000 ам.доллараас буухгүй байхад л анхны хөрөнгө оруулалтаа хоёр жилийн хугацаанд нөхөх бүрэн боломжтой талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

Мөн  нөөцийн төлбөрийн тухай хуулийг Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж мөрдүүлэх талаар Засгийн газарт энэ талаар үүрэгдсэн боловч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа талаар дурьдагджээ. Иймээс 68 хувийн татварыг тодорхой түвшинд орлох Нөөцийн төлбөр, татварыг өөрчлөх тухай хуулийг оруулж ирэхийг шаардлаа. Хуульд зааснаар зэсийн үнэ нэг тонн нь 5000 ам.доллараас дээш өссөн тохиолдолд 68 хувийн татварынхаа 20-30 хувьтай тэнцэх ашгийг Монголын талд нөөцийн төлбөр байдлаар төлөх учиртай аж. Оюутолгойн гэрээг хийж байхад Рио-Тинто эдийн засгийн тооцоогоо нэг тонн зэсийг 4320 ам.доллараар хийсэн байдаг. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалтаа орд ашигласнаас хойш 4.7 жилийн дотор нөхөх бүрэн боломжтой гэсэн үг хэмээн гишүүд тэмдэглэлээ. Хэрэв шаардлагыг хүлээн авч, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулбал Монголын талын ашиг 40 бус 60 хувь болж нэмэгдэх боломжтой хэмээн тооцоолжээ. Эс бөгөөс багадаа 400-500 тэрбум ам.доллараар үнэлэгдэх газрын хэвлийн баялаг гадныхны олж болж, манайхан таван тэрбумаар амаа таглуулаад өнгөрөх магадлалтай болоод байгаа гэнэ.


Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Шаардлага хүргүүлснээр тодорхой ахиц гарч чадах болов уу. Өмнө нь гэрээг үзэглэсэн гурван сайд болон Засгийн газрын тэргүүн нар гэрээнд өөрчлөлт оруулахаа амласан. Үүний дагуу Хувь нийлүүлэгчдийн өөрчлөлт оруулснаа ч зарласан. Тэгэхээр одоо дахин өөрчлөлт ярих болов уу гэдэг эргэлзээтэй юм?

-Оюутолгойн гэрээг сайтар ухвал Монголын талд ашигтай заалт тун ховор. Харин хөрөнгө оруулагч талдаа найр тавьсан, тэдний өмнө бөхийсөн заалтууд их бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Оруулахаас ч өөр аргагүй. Оюутолгойн лицензийг "Айвенхоу майнз" компани эзэмшиж, үнэлгээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 10-15 дахин нэмэгдэх боллоо. "Айвенхоу майнз"санхүүжилт босгоод  Монголын "Оюутолгой" ХХК-д таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ энэ санхүүжилтийн хүү жилд дунджаар 11-12 хувийн хүүтэй байхаар гэрээнд тусгасан байсныг 6.5 хувь болгон бууруулсан. Товчхондоо, ийм л өөрчлөлт хийсэн юм. Өнгөрсөн хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн чиглэл хэлэлцэж байх үед Сангийн сайдаас Хувь
нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар манай талд ямар ашиг орж ирэх вэ гэж асуухад хамгийн доод тал нь нэг тэрбум ам.доллар гэж байсан.

-Монголын талын ашиг 40 хувьтай байгаа нь УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа үндэслэл нь юу юм бэ. Хэн, хаана гацаагаад байгаа нь хачирхалтай?

-Аливаа    гэрээний хэрэгжилтийг Засгийн газар хариуцдаг. Мэдээж том төсөл учраас УИХ хөрөнгө оруулалтын
гэрээнд хяналт тавина. Тогтоол ч мөн ялгаагүй. Харамсалтай нь  дээрх тогтоолын хэрэгжилт хангагдаагүй. Улмаар
Монголын талд орох ашиг 40 гаруйхан хувьтай байгаа. Уг нь том төслөөс багадаа л 60 хувийн ашиг авах боломж нь бий. Үүн дээр парламентад суудалтай улс төрийн нам, улстөрчид ч санал нэгддэг. Харин үүнийг шийдэх арга зам нь УИХ-ын 57 дугаар тогтоолын "хөрөнгө оруулалттай нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувийг эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 50 хувьд хүргэх" гэсэн заалтыг хэрэгжүүлэх юм.

-Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж байж л асуудал нааштайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн үг үү?

-Гэрээг өөрчлөх асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж   дээ  дурьдсан хоёр өөрчлөлтийг хийхийг Засгийн газартогтоолоор үүрэг болгосон. Үүнээс  хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл асуудал, нэг алхам урагшилсангүй. Аливаа ажлыг зөв эхэлчихвэл гольдрил нь зөв байдаг. Үүнтэй адил том  төслийг зөв эхэлбэл Монгол улс хөгжинө. Иймдээ ч УИХ-ыг тогтоол гаргаж, хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байдаг юм. Мөн  нөөцийн татвартай уялдуулж Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй. Гэнэтийн ашгийн татвар болох 68 хувийн татварыг тэглэсэнтэй холбоотой УИХ- аас Нөөцийн төлбөрийг өөрчлөх хуулийг баталсан. Хуульд зааснаар зэсийн үнэ нэг тонн 5000 ам.доллараас дээш өссөн тохиолдолд 68 хувийн татварынхаа 20-30  хувьтай тэнцэх ашгийг Монголын төрд нөөцийн төлбөрөөр төлөх учиртай. Оюутолгойн гэрээ хийж байхад Рио-Тинто эдийн засгийн тооцоогоо нэг тонн зэсийг 4320 ам.доллараар  хийсэн байдаг. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалтаа орд ашигласнаас хойш 4.7 жилийн дотор нөхнө. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 9-10 мянган ам.долларын үнэтэй байна. Цаашдаа 7000 мянган ам.доллараар байхад л анхны хөрөнгө оруулалтаа хоёр орчим жилийн хугацаанд нөхөх бүрэн боломжтой. Харин Оюутолгой, Тавантолгой аль алинд нь Монголын төрөөс оролцох шийд гаргах ёстой зам, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал шийдлээ хүлээсээр байна. Иймэрхүү төслүүд дээр төр дэд бүтцэд нь оролцоод тэндээсээ ашиг олох хувилбар байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.