Саранчимэг.Б Чинзориг.С 2018.01.11 | Сайт: Vip76.mn

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн /2017.01.11/ нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл болгож сар бүр 150-200 мянган төгрөг олгодог.

УИХ Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг УИХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус  батлан хэрэгжүүлж байсан.

ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД НИЙТ АЛДАР ЦОЛТОЙ 2440 АХМАД НАСТАН ХАМРАГДАЖ, 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ЗАРЦУУЛСАН ГЭЛЭЭ.

УИХ-аар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Тогтоолын төслийг хэлэлцсэн НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Тус байнгын хороо тогтоолын төслийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.7 хувь нь уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.