Баасанхүү.О 2018.01.11 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Зуух тараах гэх мэтийн зүйлс ярихаа болимоор байна

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү агаарын бохирдолгүй болно гэж яг хугацаа хэлж чадах эсэхийг холбогдох албаныханаас асуусан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хууль батлагдсанаар хэдэн оны, хэдэн сард агаарын бохирдол арилах вэ? Хууль судалгаатай байх ёстой. Бид өнөөдөр энэ хуулиуд батлаад л байна. Агаарын зүйл яриад байна уу? Бодит зүйл яриад байна уу?

Ирэх 2019 эсвэл 2020 онд энэ асуудал шийдэгдэх үү?

Өмнө нь өчнөөн зуух тараасан. Одоо дахиад суух тараана гэж байна.Энэ үнэн үү?

Үнэндээ энэ зуух тараах гэх мэтийн зүйлсээ болимоор байна. Арай өөр түвшинд хандмаар байна. Утааны асуудлаас болж олон ээж аавууд шаналж байна. Ураг өсөлтгүй болж байна. Энэ тогтоолд ялангуяа ургийн талаар хандсан зүйл байна уу?  Өнөөдөр бид өөртөө зориулж хууль баталж байна. Ирээдүйдээ зориулж хуулийг батлах ёстой. Үүнд дээр тодорхой заалт байна уу?

Утаа ийм гамшгийн хэмжээнд оччихсон байхад утааг бууруулах янз бүрийн сан байгуулъя гэж ярьж байна. Өмнө нь Улаанбаатар сан гэж байгуулсан нь одоо банк болчихсон байна. Тэгэхээр энэ сан хэдэн төгрөг, яаж зарцуулах вэ? Энэ бүгдийг маш тодорхой болгож өгөөч. Энэ байдлаар явсаар байтал 30 жил боллоо шүү дээ.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хариуллаа.

Хугацаа амлахад үнэхээр хэцүү байгаа. Утаатай тэмцэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Ялангуяа сүүлийн үед утаад зарцуулсан мөнгөний хэмжээ, энэ мөнгийг төвлөрүүлдэг байхгүй байснаас болж зарцуулсан мөнгө бараг байхгүйтэй адил байгаа юм.

Тийм учраас энэ санг дахин сэргээх асуудлыг ярьж байгаа юм.

Утааны гол бохирдлын 80 хувь нь гэр хорооллын утаа байгаа учраас энэ зууханд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Сангийн эх үүсвэр нь сангийн хуулиар 4 үндсэн эх үүсвэр байна. Энэ жилийн хувьд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ энэ сан дээр суугаагүй, улсын нэгдсэн төсөвт суусан. Тийм учраас энэ хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны 1 сараас болгохоор ярьж байгаа юм.

БОАЖ сайд Н.Цэрэнбат хариулав

Өмнөх болоод өнгөрсөн асуудлуудыг одоо хийх гэж байгаа ажилтай хольж их ярьж байгаа. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар “агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ ажил явж байгаа. Одоо утаа дагаад улстөржилт үүсдэг. Хатуухан хэлэхэд гишүүд минь олон хошуу нэмэрлэж байна. Бидэнд хуруу нэмэх хүн хэрэгтэй байна. Гоё зүйл чуулганы танхимд ярьж байна. Утааг гаргаж байгаа эх үүсвэр болох түүхий нүүрсийг бид одоо хориглоно. Хориглохын тулд бэлтгэл ажлууд хэрэгтэй байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Утаагаар их улстөржиж байгаад харамсаж байгаа. 20 жил улс төрд байсан бүх улс төрийн хүчнүүд энэ утааны асуудлыг хариуцлагыг хүлээх учиртай. Олон арга хэлбэрийг хослуулж байж утаанаас гарах юм байна лээ. Утааны үндсэн суурь бол түүхий нүүрс. Тиймээс түүхий нүүрсээ орлох, шахмал нүүрс үйлдвэрлэх нь энэ тэргүүний зорилт гэж ойлгодог. Шахмал нүүрс нь нарийн тоосонцор болох PM2.5 ийг буруулах үндэс нь болох юм байна  лээ. Тиймээс Засгийн газрын түвшинд бүгд энэ шахмал түлшний асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн парламентад батлагдсан хуулиар бүх яамдын эрх үүрэгт агаарын бохирдлын асуудал орсон байгаа учраас Эрүүл мэндийн яам ч энэ чиглэлд анхаарч үзэж байгаа.

Жирэмсэн эхчүүдэд хүндээр тусаж байгаа нь үнэн. Үр зулбах, грамм дутуу хүүхэд төрөх нөхцөлийг утаа бүрдүүлж байгаа. Уушгины хавдрын 40 гаруй хувь, ханиад томуу хүндрэх нөхцөл гээд утаа нөлөөлж байна. Тийм учраас хүн амын эрүүл мэндийн асуудалд утаанаас “хар сүүдэр” үлдээж байгаад санал нэгтэй байна. Тиймээс УИХ-ын гишүүд, улс төрчид нэгдмэл байр суурьтай байх ёстой гэдэгтэй санал нэг байна.