2018.01.11

Б.Дэлгэрсайхан: Түүхий нүүрс, БОЛСОН нүүрс гэж яриад утаа арилахгүй

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан жижиг сажиг үр дүнгүй арга хэмжээ авах гэж байгаа нь үр дүн гарахгүй томоохон ажлуудыг зоригтой хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, зарим асуудлыг БОАЖ болон Сангийн яамдуудаас асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн  маш их мөнгө зарцуулсан. Энэ мөнгийг яг юунд зарцуулсан вэ гэдэг тооцоо судалгаа Сангийн яам болон Байгаль орчны яаманд байна уу? Үүнийгээ эргэж ярихгүй бол одоо яригдаж байгаа 200-аад тэрбум төгрөг чинь салхинд хийсээд алга болчихсон шүү дээ.

Амны маск, агаар шүүгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч зэргийг татвараас чөлөөлнө гэж жижиг зүйл ярьж байхаар томоохон ажлыг хийх хэрэгтэй байна. Дагуул хот байгуулах, хотоос гарах зардалдаа энэ мөнгөө зарцуулбал яасан юм бэ? Үүн дээр Сангийн яаманд судалгаа байна уу? 

Хөшигтийн хөндий, Майдар сити гээд дэд бүтцийнх нь эхлэл тавигдсан газар руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэхгүйгээр түүхий нүүрс, болсон нүүрс гэж яриад бахь байдгаараа байна шүү дээ. Гэр байруудад халаалттай зуух өгнө гэж байна. Энэ чинь байдлыг сайжруулахгүй шүү дээ.

Асуудлыг илүү цогцоор нь яривал хөдөө орон нутаг ипотекийн зээлээ түлхүү өгөхгүй бол хүмүүс хот руу нүүж ирээд байгаа юмаа. Яагаад хөдөө орон нутагт энэ зээлийг бага өгөөд хотод их өгөөд байдаг юм бэ?

Ингэж том зургаар нь харж хийхгүй бол 20 жилийнх шигээ бахь байдгаараа л байх нь. Дээрээс нь газын асуудлыг шийдэж болохгүй байна уу? Бүх газар л газаар шийдэж байна шүү дээ. Газын хэрэглээнд хүмүүсээ сургах нь илүү үр ашигтай бус уу.

Түүний асуултад БОАЖ сайд Н.Цэрэнбат, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Сангийн яамны төлөөлөл хариулт өглөө.