Засгийн газрын байр сууринаас зөрвөл Д.Загджавыг эгүүлэн татна
2018.01.12

Засгийн газрын байр сууринаас зөрвөл Д.Загджавыг эгүүлэн татна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 'Оюу толгой'-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Дэд сайд ямар учраас ийн байр сууриа илэрхийлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.

Тэрбээр 'Дэд сайд Д.Загджав 'Оюутолгой'-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.Гэхдээ энэ нь манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь биш гэдгийг онцолъё. Оюутолгойд ажлын хэсэг хоёр сарын турш их сайн ажилласан.Гэхдээ тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий.

Ерөнхийлөгч өчигдөр телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна.

Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна.

Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв.


Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэв.

Т.НОМИН