Тэрбишдагва.Д Чинзориг.С Л.Мөнхбаатар 2018.01.12 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдавга: Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс хэлмэгдэж байна

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга тэтгэврийн хэмжээг анхаарах хэрэгтэйг сануулсан. Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ирэх жилийн төсөвт нэмэгдлийн хэмжээг тусгахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан гаргахыг санал болгосон юм.

Улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд гавьяа, зүтгэлтэй ажиллаж байсан олон хүмүүс бий. Энэ бүтээн байгуулагчдын маань тэтгэвэр тэтгэмж үнэхээр бага байна. Энэ хүмүүсийн асуудлыг яах вэ?

Тэтгэврийн нэмэгдэл дээр адилхан мөнгөн дүнгээр бүх хүмүүст нэмнэ гэсэн. Өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн хэмжээг бага, тэтгэврийн хэмжээн бага хүмүүсийн нэмэгдлийг арай илүү нэмэх боломж байгаа юу? Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс хэлмэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг

Тэтгэврийн хэмжээ бага гэдэг дээр санал нэг байгаа. 300 мянган ахмадуудын 240 мянга нь тэтгэврийн зээлтэй. Хөрөнгө санхүү байдаг бол нэмэх хэрэгцээ шаардлага бий. Тэтгэврийн зөрүүг шийдэх шаардлага байна.

Хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирэхээр ажиллаж байгаа.

Арилжааны банкнуудтай ярилцаж тэтгэврийн зээлийн хүүг 3 хувиар бууруулсан. 100 хувь тэтгэврийг зээлд нь суутгах биш 30 хувийг өөрийнх гар дээр авахаар нөхцөлд нь өөрчлөлт оруулсан. Цаашдаа халамжийн тэтгэврийг бас өөрчлөх хэрэгтэй. Халамжийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга

Бид нар шударга ёс,тэгш эрхийн нийгэм байгуулж байгаа. Зарим том албан тушаал эрхэлж байгаа хүмүүс 36 сарын цалин аваад, сая төгрөгний тэтгэвэр авдаг. Насаараа ажилласан хүмүүс 300 мянган төгрөгний тэтгэвэр аваад байгаа. Хуулиа оруулж ирэхдээ энэ асуудал дээрээ анхаараарай.

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Монгол улсынхаа төлөө зүтгэж, төрдөө үнэлүүлсэн энэ хүмүүстээ төр өөрийн халамжаа үзүүлэх хэрэгтэй. Нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, УИХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоодог. Энэ жил төсөв батлагдсан хүндрэлтэй асуудал гарах байх.

Ирэх жилийн төсөвт нэмэгдлийн хэмжээг тусгахдаа хөдөлмөрийн хөлснийхөө доод хэмжээтэй уялдуулан гаргахыг санал болгож байна.