Донорын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
2018.01.12

Донорын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.

Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй зарим саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцжээ. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Тухайлбал, төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” хэмээн өөрчлөн найруулах санал гишүүдийн дэмжлэг авчээ.