Зарим сайд нар утааны асуудал өөрт нь огт хамаагүй мэт хандаж байна
2018.01.15

Зарим сайд нар утааны асуудал өөрт нь огт хамаагүй мэт хандаж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ярилцлаа. Тэрээр УИХ-аас байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг”-ийг ахлан ажиллаж, уг асуудлаарх тогтоолын төслийг батлуулсан билээ.

-ТӨР АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ШАХАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ-

-Жил бүр агаарын бохирдол ихсэх үеэр утаагаа хэсэг яриад, дулааны улиралтай золгохоор өнөөх сэдвээ мартчихдаг. Энэ өвөл ч бас ийм нөхцөл байдал дахиад давтагдаж байна. УИХ-д анхлан сонгогдсон гишүүний хувиар та утаа тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Манай улс Агаарын тухай хуультай. Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр” хүртэл баталсан байдаг. Ер нь энэ чиглэлд хангалттай олон хууль, тогтоол, шийдвэр байгаа. Гол нь хэрэгжүүлж байна уу гэдэг асуудал л яригдсаар ирсэн.

Энэ өвөл утаа эхлэнгүүт “Агаарын бохирдол ихэслээ” гэсэн өнцгөөс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гэхчилэн бүгд л дуугарлаа. Гэнэтхэн нийслэл утаатай болчихсон юм шиг зүйл яриад эхэлж байгаа юм. Үүн дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа.

Яагаад УИХ-д олон сонгогдсон гишүүд, хэд хэдэн удаа Засгийн газарт орж ажилласан сайд нар өмнө нь утааны эсрэг арга хэмжээ авч, үүнийхээ төлөө ажиллаагүй юм бэ гэдэг нь бас анхаарч үзэх асуудал.

-УИХ-аас агаарын бохидлыг бууруулах чиглэлд баталсан тогтоолын хүрээнд эхнээсээ  тодорхой асуудлууд яригдаж эхэллээ. Хэрэгжүүлэлтийн шийдэл, гарцууд нь оновчтой болж чадав уу?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан, УИХ-аас тогтоол батлаад байна. Тогтоол дээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тухайлсан заалтуудыг маш тодорхой байдлаар тусгаж өгсөн байгаа. Уг тогтоолд заасны дагуу эхнээсээ хуулийн төслүүд нь орж ирээд, хэлэлцэгдэж байна.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна. Гааль, НӨАТ-аас юу чөлөөлөх гээд байгаа юм бэ гэхээр өрөө тасалгааны цахилгаан агаар цэвэршүүлэгч. Нэн шаардлагатай цэгүүдэд бид агаар цэвэршүүлэгч тавьж байж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэж үзсэн.

Улмаар хуучнаар “Цэвэр агаар” сангийн чиг үүрэгтэй адилхан “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах асуудал яригдаж байна. Гэхдээ өнөөдөр бид “Цэвэр агаар” сангийн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг мэднэ.

Бидэнд гашуун сургамж болоод өнгөрлөө. Тиймээс ч гишүүдийн зүгээс сан байгуулах чиглэлд маш болгоомжтой хандаж байна. Бид энэ мэт асуудал дээр Засгийн газрыг онцгой анхаарал хандуулан ажиллаасай гэж хүсч байгаа.

-Сан байгуулж, тодорхой эх үүсвэрүүд татан төвлөрүүлээд ирэхээр цөөн хэдхэн хүний мөнгө угаах технологи тэнд хэрэгжиж эхэлдэг. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд УИХ цаашлаад танай ажлын хэсэг хяналт тавин ажиллах уу?

-УИХ-аас баталсан тогтоол дээр ойрын, дунд, урт хугацаандаа яг юу хийх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлахад, ойрын хугацаанд агаарын бохирдол ихтэй цэгүүд дэх сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байршуулахаас өөр аргагүй байна. Төрийн албан байгууллагууд, хувийн хэвшлүүд ч байна.

Энэ олон хүүхэд, төв, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээ бид хамгаалах ёстой. Айл өрхүүдийн хувьд  ч тэр. Гол нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Тиймээс ч ойрын хугацаанд ийм төрлийн арга хэмжээ авах нь зүйтэй юм гэж үзлээ. Түүнээс биш төр агаар цэвэршүүлэгч шахах гээд байгаа юм биш.

Үүнийг ойлгох хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг тодорхой албан татваруудаас чөлөөлөх замаар өртгийг нь хөнгөлж, айл өрхүүдийг худалдан авах боломж үүсгэх зорилт тавьсан. Нэн шаардлагатай арга хэмжээнд эдгээр ажлууд орж байгаа юм.

ТҮЛШНИЙ БҮТЦЭЭ Л ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ-

-Дунд хугацаандаа яг ямар ажлууд хийгдэнэ гэж ойлгох вэ?

-Ер нь агаарын бохирдлыг дунд болон урт хугацаандаа бууруулахын тулд түлшний бүтцээ л өөрчлөх шаардлагатай байна. Одоо зуух тараана гэж яриад эхэллээ. Би УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд зуух тараана гэж ярихаасаа өмнө түлшнийх нь асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Бүх айл зуухтай л байгаа. Тэр зууханд нь тохирсон, утаа бага ялгаруулдаг түлш нэн тэргүүнд хэрэгтэй байна. Ийм түлш бэлдэж, зах зээлд нийлүүлэх асуудлыг судлах нь чухал. Гэхдээ зүгээр тараачихаж бас болохгүй. Айл өрхүүд нүүрс худалдаж аваад түлж байна. Энэ түүхий нүүрснийх нь оронд бэлдмэл түлш боломжит үнээр нь худалдах аргачлал хэрэглэх хэрэгтэй.

Үүний тулд шахмал түлшний үйлдвэрийг бодлогоор дэмжих шаардлага үүсч байна. Эрчимтэй ажиллаж чадвал 2018 оны хүйтний улирлаар шахмал түлш зах зээлд нийлүүлэх боломжтой гэж харж байна.

-Түүхий нүүрсний хэрэглээг тийм амархан халж чадах уу?

-Нийслэлчүүд жилдээ 800 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Өнөөдрийн агаарын бохирдлын гол шалтгаан бол түүхий нүүрсний хэрэглээ. Тэгэхээр бид түүхий нүүрсний хэрэглээг орлуулах хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд эрчимтэйгээр нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Нөгөө талаараа цахилгаан халаагууруудыг хэрэглээнд олноор нь нэвтрүүлэх шаардлагатай байна.

Цахилгаан халаагуурыг айл өрх бүр худалдаад авч чадахгүй нь тодорхой. Зах зээлийн үнэ нь нэг сая төгрөгөөс дээш байна. Худалдаад авлаа гэхэд цахилгааны зардал нь өндөр гарна. Шөнийн тариф тэглэлээ гэхэд өдөр нь эрчим хүч ихээр шаардана.

Дээрээс нь манайд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн асуудал байна. Тиймээс эхний ээлжинд боломжтой хэсгүүддээ цахилгаан халаагууруудаа тавиад үз. Тэгээд түлшний бүтцийг өөрчил гэж байгаа юм.

-Цаашдаа дагуул хот байгуулах, түгжрэлийг сааруулах асуудлуудаа шийдэх зорилт тавьжээ. Төрийн өмчит их, дээд сургуулиудаа хотоос нүүлгэнэ гэхээр олон нийтэд сайн төсөөлөгдөхгүй байх шиг?

-Төвлөрлийг сааруулах нь зайлшгүй асуудал болсон. Төрийн өмчит зарим их, дээд сургууль, албан байгууллагуудаа хотоос гаргах хэрэгтэй. Улаанбаатар хотод 160 мянга орчим оюутан суралцаж байна. Үүний 87 мянга орчим нь төрийн өмчит их, дээд сургуулиудын оюутнууд. Тэдний 60 хувь буюу 50 орчим мянга нь хөдөө орон нутгаас ирж суралцаж байна.

Гэтэл оюутны дотуур байрны хүртээмж ердөө 12 мянга. Үлдсэн 40 мянган оюутны нэлээдгүй хэсэг нь гэр хороололд амьдарч, яндангийн тоог нэмэгдүүлдэг. Дээр нь 15 мянган оюутан автомашин унаж, хотын хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр төрийн өмчит их, дээд сургуулиудаа тухайлсан хүрээлэн байгуулах замаар хотоос гаргах асуудлыг шийдэхээс өөр аргагүй юм билээ. Надад “Утааг бууруулахад их, дээд сургуулиуд ямар гай болчихоод байгаа юм бэ” гэсэн мессэж ирсэн.

-Надад ч бас тэгж л буугаад байна?

-Миний дээр дурдсан тоо баримтуудыг л харчих. Үүнийг ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит их, дээд сургуулиудад 4000 багш, ажилтан ажиллаж байна. Тэднийг орон сууц, хичээлийн байр, оюутнуудын дотуур байртай нь шийдээд өгчих л дөө. Бид чинь 100, 200 мянган айлын орон сууц ярьдаг улс. Одоо 80 мянган орон сууц бэлэн байна гээд яриад сууж байна.

Ийм байхад их, дээд сургуулиудын кампус байгуулж чадна шүү дээ. Ийм зохицуулалт хийгээд өгчихвөл багш нар нь ч, оюутнууд нь ч тэндээ амьдарчихна. Одоо сургуулиуд амрчихсан байна. Замын түгжрэл огт байхгүй болчихлоо. Үр дүнгээ ингэж л өгнө гэсэн үг. Дээр нь УИХ-аас батлагдсан тогтоолд бас нэг чухал заалт орсон.

Тэр нь “2018 оны хичээлийн жилийн эхлэх, дуусах улирлын хуваарийг эртнээс тодорхой болгож, хамгийн боломжит хувилбараар шийдвэрээ гаргаж, хэрэгжүүлэх” заалт. Яагаад өвлийн ид хүйтнээр хоёр сар амарчихаж болдоггүй юм бэ. Хаврынхаа хичээлийг жаахан сунгаад хичээллэхэд л болох асуудал.

ЗАСГИЙН ГАЗРЫГ САЙН ШАХАЖ, “ЧИМХЭЖ” АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Цаасан дээр буулгаж, баталчихаад хэрэгжүүлэх гэтэл бөөн асуудалтай тулгардаг хууль, тогтоомжууд цөөнгүй. Эдгээр ажлууд үнэхээр хэрэгжих боломж, гарц байгаа юу?

-Боломж байгаа. Гарц нь ч нээлттэй. Монгол Улсын Засгийн газар үнэхээр сэтгэлтэй ажиллаж чадвал ажил хэрэг болно. Яг утааг бууруулъя гэж зорьж байгаа бол гарцууд нь бэлэн байна. Энэ их байгалийн баялгийнхаа үр шимийг бид тулгамдаж буй асуудалдаа зарцуулах хэрэгтэй. Жишээлэхэд,Тавантолгойн бүлэг ордын дор хэдэн тэрбум ам.долларын нүүрс хэвтэж байна.

Үүнийгээ эргэлтэд оруулаад, хөрөнгө оруулагчдаа тат л даа. Мэдээж Засгийн газар ОУВС энэ тэр гээд баахан тайлбар хэлнэ. Асуудлаа ОУВС-тай ярих хэрэгтэй. ОУВС-гийнхан Улаанбаатар хот ингээд угаартаад байж байг гэж хэлэхгүй байлгүй дээ. Утааны эсрэг 2018 онд улсын төсөвт ердөө 16 тэрбум төгрөг суусан.

Үүнийг ОУВС мэдэж байгаа. Гэтэл нөгөө талд Улаанбаатар хот утаагаа бууруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд бүгд мэдэж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар утааны эсрэг томоохон ажлуудыг зоригтой хийх ёстой гэдгийг тэд ойлгож таарна.

Үнэхээр сэтгэл байгаа бол Засгийн газар утааны эсрэг ажиллах ёстой. Бид юу ч үгүй гуйлгачин орон биш. Тогтоолоор хугацаа заагаад өгчихсөн учир Засгийн газар ажлаа хийх ёстой. Хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явах хэрэгтэй.

-Гол нь агаарын бохирдлоо төрийн яг ямар байгууллага хариуцаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгох ёстой юм биш үү?

-Утааны асуудал УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Байгаль орчны сайд, нийслэлийн асуудал биш. Парламентын танхимд сууж буй 76 гишүүний, Засгийн газрын, Ерөнхийлөгчийн асуудал. Бид хамтдаа үүний ард гарах ёстой. Дээр нь нийслэлийн бүх иргэний асуудал. Ийм байхад бид утааны асуудлаар улс төржиж огтоос болохгүй.

Ялангуяа парламентад олон сонгогдсон гишүүд, танхимд хэд хэдэн удаа орж ажилласан сайд нар агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарах ёстой. Энэ байр сууриа ч илэрхийлж байгаа. Ер нь агаарын бохирдлын асуудал хариуцах эзэнгүй гэмээр явж ирлээ. “Цэвэр агаар” сан руу хамаг буруугаа чихээд, удирдаж байсан хэдэн хүнд нь хариуцлага үүрүүлчихсэн байх жишээтэй.

Гэтэл хэрэгжүүлэх шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 30 гаруй захирамж гарчээ. Хаана байна, тэр үр дүн нь.

Танай нам гарч ирээд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зогсоочихсон байхгүй юу?

-Дөрвөн жил хангалттай хугацаа. Дөрвөн жил ажилласан байна. Захирамжууд нь гараад л байдаг. Хэрэгжилт нь яваагүй байгаа юм. Тэр үед Засгийн газар ч мөнгөтэй, эдийн засаг нь өсөлттэй байсан. “Чингис” бондын өчнөөн мөнгийг зам руу хийчихсэн.

Тэгсэн мөртлөө нийслэлийн утааг бууруулах чиглэлд оновчтой ажил хийгдээгүй. Тийш нь мөнгө зарцуулаагүй байгаа юм. Сайжруулсан түлшний үйлдвэрүүд нь тэр үед  дампуурч, Засгийн газар нь нүүрс тараах шийдвэрт хүртэл хүрсэн байдаг. Энэ чинь аль нам засгийн эрх авахаас үл хамаарч, бодлогогүй явж ирсний л уршиг.

-Бодлогоо тодорхой болгож байна гээд хууль, дүрмээ баталдаг. Гэтэл хэрэгжиж өгдөггүй. Тухайлахад, энэ удаагийн агаарын бохирдлыг бууруулах чиглэл дэх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд гишүүд хэрхэн хяналт тавьж ажиллах юм бэ?

-Зарим сайд нар утааны асуудалд огт хамаагүй мэт хандаж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж байхад огт бараа нь харагдахгүй байгаа сайд ч байна. Сангийн сайд л гэхэд тогтоол хэлэлцэх хугацаанд нэг ч хуралд суусангүй. Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах асуудал хэлэлцэж байхад ч хүртэл Сангийн сайд бас л ирсэнгүй.

Төсөв, мөнгөтэй асуудал яригдаж байхад Засгийн газрын голлох сайд нь яагаад анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Ийм чухал асуудал дээр ингэж хандаж байгаа болохоор би Засгийн газрыг сайн шахаж, чимхэж ажиллах хэрэгтэй юм байна л гэж харж байгаа.

Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудал дээр сайд нар нь зөрөлдсөн тохиолдол ч нэг бус удаа гарлаа. Бүлэг дээр би Засгийн газар танхимын зарчмаараа ажиллах ёстой гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН