Татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцэж жагслаа
2018.01.13

Татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцэж жагслаа

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насны нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардаж 10 гаруй мянган хөдөлмөрчид орон даяар жагслаа.

Жагсаалын үеэр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уул уурхай, төмөр зам, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тэтгэврийн нас, татвар, НД-ын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тухайлбал, газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид, төмөр замчдын дийлэнх олонхи нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг эрс буруушааж байлаа. Жагсаал, цуглаанд оролцогчид төрийн ордныг нэг удаа гороолж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулж зарим төрлийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрүүд нь нийгмийн бухимдлыг бий болгож ажиллагчдын эсэргүүцэл, тэмцлийг өрнүүлэхэд хүргэж байна.

Иргэд, хөдөлмөрчдөд татварын дарамт бий болгосон, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг зөрчсөн шийдвэрийг эргэн харж өөрчлөх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулсан боловч Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр хойрго хандаж, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахгүй байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж буруушааж байна.

Иймд дараах асуудлуудыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны дотор шуурхай шийдвэрлэж хариу өгөхийг ШААРДАЖ байна. Үүнд:

1.Хувь хүний орлогын татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэж өөрчлөх.

2.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хүчингүй болгох

3.Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг шаардаж байна.

Холбогдох арга хэмжээг нэн яаралтай аваагүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхээ мэдэгдэе.