Н.Алгаа 2018.01.16 | Өдрийн сонин

Н.Алгаа: Ашигт малтмалын үнэ жаахан өссөн болохоор л манай улс дөнгөн, данган амьдарч байна

Н.Алгаа: Ашигт малтмалын үнэ жаахан өссөн болохоор л манай улс дөнгөн, данган амьдарч байна
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын уул, уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Манай орны эдийн засгийн гол хөшүүрэг бол уул уурхай. Энэ онд уул уурхайн салбарт ямар өөрчлөлт орох вэ. шинэ ордууд нээгдэх янз байна уу?

-Уул уурхайн төсөл эхлүүлэхийн тулд ашигт малтмалуудаа хайж олох ёстой. хайж олсныхоо дараа нөөцийг нь тогтоогоод, эдийн засгийн үнэлгээг нь гаргаад, хөрөнгө оруулж, хүртэх ёстой үр ашгаа зөв тооцоолоод, төсөл эхлүүлнэ. үүнийг шаардлага хангасан төсөл гэх нь байна. Гэхдээ том төслүүдийн тухай ярихаасаа өмнө 2018 оныг хүртэл Монголын уул уурхай яг ямар байсан, юу болчихоод байгаа юм гэдгийг ярих хэрэгтэй. төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж гаргасан байдаг. Энэ бодлогын хүрээнд 2006 онд ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан юм.

2011 оноос эхлэн хайгуулын лицензийг хориглосон хууль гаргачихсан. ингээд уул уурхайн салбарынхны эхний хэсэг тасраад, зогсчихсон гэсэн үг. энэ нь эрхзүйн маш тогтворгүй, тодорхой биш орчин, хөрөнгө оруулалтын таагүй нөхцөл үүсгэсэн. ийм таагүй нөхцөлтэй байсаар өнөөдөр ч хэдэн төслүүд нь урагш явахгүй байна. “Тавантолгой”, “Гацуурт” гэх мэт том төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Газрын ховор элементүүд, Асгатын мөнгөний ордууд ч хөдлөх янз алга.

Энэ нь төр улсын бодлого сул байгаатай л холбоотой. ийм байдалтай найм, есөн жил боллоо. “таван толгой” гэхэд л 18,19 жил болж байна. “Арево”, “Марда” ч бүр зогссон. Хөрөнгө оруулалт ч байхгүй. угаасаа дэлхийн компаниуд хайгуулд хөрөнгө оруулах байдал нь багасчихсан. Монголд байсан хэд нь гараад явчихсан. уул, уурхайн асуудалд нээлттэй ил тод шударга байхгүй бол болдоггүйн жишээ. хувийн хэвшлийг дэмжихгүй байна. МАК-ийн төсөл “Цагаан суварга”-ыг ч дэмжсэнгүй. “тавантолгой”, “энержи ресурс”-тай хамтрах том төслийг ч дэмжээгүй.

Хувийн хөрөнгөөр босговол 34-өөс багагүй хувийг нь төр эзэмшинэ гэчихлээр хэн уул уурхайд хөрөнгө оруулах юм бэ. Хөрөнгө оруулагчид технологитойгоо мөнгөтэйгөө бүх юмтайгаа ирдэг, монголоос юм гардаггүйг ойлгох хэрэгтэй. Энэ оны тухай биш урт хугацаанд юу хийх, цаашид цэгцлээгүй төслүүдээ хэрхэн яаж цэгцлэх зэрэг зүйлсээ ярих хэрэгтэй байна. Түүнээс биш энэ онд ямар том төсөл хөдлөх нь гэж хүлээгээд ч хэрэггүй болчихоод байна. Хамгийн бодитой “Цагаан суварга” “Гацуурт” “Тавантолгой”-г хөдөлгөж чадахгүй байхад өөр юу хөдлөх юм бэ. 2018 онд юу болох вэ гэвэл юу ч болохгүй. Яг энэ байдлаараа өнгөрсөн дөрвөн жил шиг наашаа цаашаа, худлаа ганхаад таарна.

Том төслүүдээ хөдөлгөнө гэж 2012 онд зарласан биз дээ таван жил өнгөрчихсөн байна.

Учир нь манай уул уурхайн салбарын талаарх бодлого, олон янз болж, улстөрчдийн мэдэлд самрагдсаар ингэж гацсан. Нөгөө талаасаа уул уурхайн асуудалд эрх мэдэлтнүүд шийдвэр гаргахдаа дан улстөрийн шийдвэр гаргадаг. Хувийн хэвшилтэйгээ, иргэний нийгэмтэйгээ зөвшилцдөггүй. Уул уурхайд хөрөнгө л оруулах ёстой. Хөрөнгийг хувийн хэвшил л оруулна. Тэрнийгээ төгс ойлгохгүй учраас уул уурхайн ажил явахгүй байна. Иргэдийн, төрийн олон нийтийн эрх ашгийг ойлгосон нэгдсэн бодлого байж цэгцтэй болно. Гэтэл төр хувийн хэвшилдээ саад болж байна.

-Мөн нэг талаараа уул уурхайгүй хөгжих ёстой, уул уурхай цөлжилт үүсгэж байна гэх мэт асуудал гардаг?

-Монголын газар нутгийн нэг хувьд л ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Нийт газар нутгийн 7.6 хувь нь газар тариаланд ноогддог. Уул уурхайд ашиглах талбайн хэмжээ маш бага. Гэтэл Монголын нийт газар нутгийг уул уурхай сүйтгэж байгаа юм шиг яриад байдаг нь төөрөгдөл үүсгэдэг.

Нөгөө талаасаа уул, уурхайг төр дэмжинэ гэдэг нь татварын чухал механизм байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байна. Мөн уул, уурхайтай бүгдийг төсөвт аваад буцаагаад, тендерт хөрөнгө оруулаад л тендерийг нь эрх баригчид хувааж иднэ. Ингэж хувааж идэхийн тулд Засгийн газар, Их хурал руу орохын тулд хүмүүс хичээн зүтгэж байна. Улстөрөөс өөр хийх бизнес монголд байхгүй болчихож.

Тэгэхээр 2018 оны тухай биш. Цаашид уул уурхайгаа яаж хөгжүүлэх юм бэ гэж ярих нь зүйтэй. Нэг засгийн царайг хараад л, хүлээгээд байдаг. Энэ засаг хоёр жилд юу хийх бол гэдэг юу ч хийж чаддаггүй. Худлаа ярисаар байгаад л дуусна. Дахиж хэлэхэд 2018 онд юу ч хийгдэхгүй, худлаа яриад л дуусна. Ашигт малтмалын газар бараг ямар ч лиценз олгохгүй байгаа мөртлөө, өмнөхөөсөө хоёр дахин их хүнтэй байна. Ах дүү хамаатан саднаа ажилд авдаг. Мөн хүнд суртал их үүссэн зэрэг байдлыг цэгцлэх шаардлагатай.

-Уул, уурхайн байдлыг хэрхэн яаж өөрчлөх боломж байна вэ?

-Нам тэргүүнд гарчихсан болохоор аливаа асуудал намаар дамжаад л, сонгуулиар дамжаад байдаг учраас өөрчлөлт орохгүй байна. Урт хугацааны төлөвлөгөө хийж, ухаан зарах шаардлагатай байгаа юм. Улстөрчид өөрийнхөө эрх ашгийн төлөө, албан тушаал руу зүтгэж байна. Их хурлын гишүүн болсон бол хууль тогтоогоод, хуулийг судлаад, сайжруулаад, санаачлаад сууж байх ёстой. Гэтэл нэг л их эрх мэдэлтэй 76 хүн.

Хууль батлах хүртэл санаачлаад, хэлэлцүүлээд, боловсруулна гэж байхгүй. Бодлогоо засаад ил тод нээлттэй, шударга шаардлага гаргаад, тогтвортой мөрдөх юм бол гурав, дөрвөн жилийн дараанаас эхлээд гарч явсан хөрөнгө оруулагч ирнэ. Хуулиа хэрэгжүүлж чаддаггүй, хүнд сурталтай ил тод биш байхад гадныхан яаж ирэх юм бэ.

"Алтан нар", “Хармагтайн” ордыг гэхэд л яаж ийж байгаад хөдөлгөх байсан юм. Хармагтай нь Оюутолгойгоос том орд гэж худлаа шуугисаар байгаад байхгүй боллоо. Фэйсбүүк твиттерээр зориуд бодлоготойгоор, хүмүүсийг хооронд нь байлдуулдаг. Тэр хар пиартай нь зууралдаж байтал, дараагийнх нь хар пиарыг шидээд л хүмүүсийг эрүүлээр юм бодож хийх завгүй болгож байна улстөрчид.

-2018 онд эрдэс баялгийн үнэ ханш тогтвортой, өсөлттэй байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж хараад байгааг та юу гэж бодож байна вэ?

-Төсвийн орлого энэ онд гайгүй л байх шиг. Гэхдээ зөв зарцуулах нь маш чухал. Эрчимтэйхэн ажил хийж, бодлого гаргаж дараагийн 10,15 жилийн ажлыг одооноос хийх хэрэгтэй. Ийм тогтолцоотой, ийм бодлоготой байгаа нөхцөлд, ашигт малтмалын үнэ жаахан дээшээ болохоор л дөнгөн данган амьдарч байна манай улс. Би энэ ассоциацид 18 дахь жилдээ. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Төр энэ салбарынхныг гадуурхаад, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болж байна.

-Оюутолгой ямар ч ашиггүй байгаа гэх хүн олон байдаг?

-Хамгийн их татвар төлж байна. Эрдэнэт үйлдвэртэй адилхан хэмжээнд татвар төлж байхад ашиггүй гэдэг нь утгагүй зүйл. Их хуралд байгаа популизмаар л ингэж яригддаг. Хөрөнгө оруулагчийн талд илүү ашигтай гэдэг ч буруу. Эрдэнэт үйлдвэр гэхэд л 1978-2003 он хүртэл ямар ч татвар төлж байгаагүй. Гэтэл Оюутолгой байгуулагдсан өдрөөсөө эхлэн татвар төлөөд эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, цагдаа төсвийн ажилтнуудыг цалинжуулж байна гэсэн үг. Оюутолгойг муулж байгаа нь идсэн хоол руугаа нулимж байна гэсэн үг.

-Нөхөн сэргээлтийг хэр хийдэг юм. Нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу?

-“Алтан дорнод монгол”, “Багануур”, “Шивээ овоо” гэх мэт бүгд нөхөн сэргээлт хийж байна. Гэхдээ бүх компаниуд жигд биш байгаа. Компаниуд дотроо байгаль орчны хяналтын тогтолцоотой болох, шалгууруудыг тогтоогоод, тэд нарыг урамшуулах зэрэг төрийн бодлого шаардлагатай байгаа. Төр менежментгүй байна. Өртэй гэдэг, өрийг хэн тавьсан, улстөрчид л тавьсан, орлогыг уул уурхайнхан авчирч байна.

-ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороод хэд, хэдэн төрлийн татвар нэмэх болсон. Уул, уурхайн салбарынхны ихэнх нь цалингаасаа татвар төлөх боллоо. Үүнийг танай салбарынхан яаж хүлээж авч байна вэ?

-Алс газар хөдөө, илүү их ажилладаг хүнд хөдөлмөр. Ийм хүмүүсээс татвар аваад эхлэхээр яах юм бэ. Олон улсын валютын сан яг ингэж татвар ав гэж хэлсэн үү. Хэлсэн гэдэг нь яг үнэн үү гэдэг ч эргэлзээтэй. Засгийн газар олон улсын валютын сан ингээд байна гэдэг. Яг валютын сан цалингаас татвар ав гэж хэлсэн юм уу. Хэлсэн бол хэн мэдэж байгаа юм. Татвар аваад эхлэхээр маш их сөрөг дагавар гарна. Хүнд салбарт уйгагүй ажиллаж байгаа хүмүүсийн татварыг нэмээд эхэлнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байж, хөдөлмөрийн хөлсөө авч байгаа гэдгийг нь ойлгох ёстой. Татварыг уурхайчид маш их эсэргүүцэж байгаа.

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд ямар алхам хийх хэрэгтэй байна?

-Ядаж хамгийн түрүүнд Тавантолгойн төмөр замыг тавьчихгүй байгааг би гайхаад, бодоод ер олдоггүй. Яагаад энэ төслийг гацаагаад байдаг юм. Төмөр замын оронд машин яваад, хүний амь, эрсдэж, байгальд хохирол учраад байна. Төмөр зам тавьчихвал хүн үхэхгүй, байгаль орчинд ээлтэй. Хятад руу төмөр зам тавихгүй гэдэг домгийн сэтгэлгээнээсээ л салах хэрэгтэй байна даа. Мөнгөнд үнэр амт байхгүй. Зөвхөн шар толгойтой хүн байвал бидэнтэй ажиллаж болдог, хятад хүн байвал болдоггүй юм уу.

-Хятад нүүрсний хэрэглээгээ танасан. Энэ нь манайд хэр нөлөөлөх бол?

-Бээжин утаагүй болсон. Нүүрсээр ажилладаг бүгдийг зогсоосон ч нүүрсний хэрэгцээтэй хэвээр л байна. Гэтэл манай улсын байж байгаа царай хэцүү. Ер нь 2018 онд энэ салбар хүнд байна. 10,20 жилээр бодлого гаргаад л, тэрийгээ ягштал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй сонгуулиас, сонгуулийн хооронд амьдарч явсаар сүйрэх нь. Ганцхан уул, уурхай биш бүх салбарт тийм байна. Казахстанд гэхэд л жижиг дунд үйлдвэрээсээ татвар авдаггүй, мэргэжлийн хяналт нь шалгаж зовоодоггүй юм билээ. Өөрсдөө хэрэглэгчийн шаардлага, зах зээлээрээ хөлөө олдог. Ийм нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Гэтэл манайд эсрэгээрээ.

-Таныг олон лицензтэй, хууль бус зүйл хийсэн гэх мэт мэдээлэл сүүлийн үед, хэд хэдэн сайтаар харагдсан энэ ямар учиртай зүйл байв?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл байна лээ. Би хараад бүр гайхсан. Ямар учиртай юм бол, цагдаад гомдол гаргадаг ч юм бил үү гэж бодож байгаа. Би чинь 9911-тэй дугаараа зарж байж арай гэж хоёр өрөө байр авсан л хүн. Надад ямар ч лиценз байхгүй.

Сэтгүүлч Н.Ганчимэг