Я.Содбаатар 2018.01.17 | Сайт: Olloo.mn

Я.Содбаатар: Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг шуурхайлах саналаа засгийн газарт тавьсан

Я.Содбаатар: Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг шуурхайлах саналаа засгийн газарт тавьсан

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаанаараа Агаарын бохирдол болон шатахууны хомсдлын талаар хэлэлцсэн. Бүлгийн хуралдааны дараа МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар шатахууны хомсдолтой холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шатахуун импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор 300 төгрөгийн алдагдал хүлээж байна гэж тайлбарлаж байгаа. Энэ яг бодитой юу? 

-Нэгдүгээрт, зохиомол хомсдол үүсгэж байгаатай холбоотой асуудлыг өнөөдөр зохих байгууллагад шалгах чиглэлийг өгсөн. Ер нь Монгол Улсад шатахууны хомсдол үүсээгүй гэж холбогдох байгууллага хэлж байна. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа үнэ ханшийн асуудалд байр сууриа илэрхийлнэ.

Ажлын хэсэг судалж үзэхэд дэлхийн зах зээлд өнгөрсөн онд нэг баррель нефть 46.5 ам.доллар байсан бол өнөөдөр 69 ам.доллар боллоо.

Үүнтэй холбоотой манай хилийн үнэ ханшид өөрчлөлт орж байгаа. Хоёрдугаарт,  онцгой албан татвартай холбоотой. Өмнө нь үнэ өсөх үед татварын уян хатан бодлого баримталж байсан. Гэтэл одоо ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсонтой холбоотойгоор энэ эрх хаагдсан. УИХ-ын гишүүдийн зүгээс иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох бага байх арга хэмжээ авах байр суурийг илэрхийлсэн.

-Нефть боловсруулах үйлдвэр барих талаар бүлгийн хуралдаанаар ярьсан уу? 

-Бүлгийн гишүүдийн зүгээс нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шуурхайлах саналаа Засгийн газарт тавьсан. Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг үйлдвэр байгуулах чиглэлээр  тодорхой ажлууд хийж байгаа.