Л.Энх-Амгалан 2018.01.18 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.01.17) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин, Монгол Улсыг хариуцсан ажилтан Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн байлцав.

2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглах урилгыг Монгол Улсын холбогдох төрийн байгууллагаас ирүүлсний дагуу ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн  алба нь Сонгууль ажиглах хязгаарлагдмал хороо байгуулан 2017 оны тавдугаар сарын 22-нд Монгол Улсад томилон ажиллуулжээ. Уг хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг дуустал Монгол Улсад ажилласан бөгөөд ардчилсан сонгуультай холбогдох олон улсын бусад хэм хэмжээ, хууль тогтоомжууд хэрхэн мөрдөгдөж байгаад үнэлгээ хийж эцсийн тайлангаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд танилцуулж байгаа нь энэ аж.

Учир нь Л.Энх-Амгалан дарга Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Ахлах зөвлөх Стивен Мартин “Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооноос гаргасан тайлангаар 2017 оны зургаадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрсөн. Харин өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа сунжирч, шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа нь нэр дэвшигчдийн талаар тодорхойгүй байдал үүсгэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан боловч дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр дутмаг. Мөн сонгуулийн байгууллага дунд шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилохдоо намын харьяалал харгалзах хандлага байсныг эс тооцвол үр дүнтэй ажилласан” гэдгийг онцоллоо.

Харин хоёр дахь санал хураалтын талаар “Хоосон саналын хуудас өгөх хөдөлгөөн гарч байсан нь онцлог байсан. Сонгуулийн өдөр санал хураалт эмх журамтай болж, санал авах байрны ажилтнууд санал хураалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан гэж мэдээлсэн” гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооноос Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хэд хэдэн зөвлөмж, санал хүргүүлж буйг уламжлав. Үүнд: хууль, эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн удирдлага, нэр дэвшигчийн бүртгэл, хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгаа, сурталчилгааны санхүүжилтийн талаар хуульд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа дурьдав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, сонгуулийн талаар техник арга зүйн туслалцаа, зөвлөмж хүргүүлж байгаад мөн сонгуулийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн төлөө санаачлагатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг тогтвортой байлгах нь чухал. Миний ахалж буй Ажлын хэсэгт улс төрийн намуудын төлөөлөл тэнцвэртэй орсон. Сонгуулийн зохион байгуулалт, сонгогчид, сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт болон хэвлэл мэдээллийн талаарх өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах бодолтой байгаа.  Зөв зохицуулалт хийвэл авлига,  олон нийтийн хардлагыг алга болгоно. Зөрчилдөж буй хуулийн заалтуудыг өөрчлөх нь чухал байна. Бид хуулийн зүйл, заалт бүр дээр маш нарийн ажиллаж байгаа” гэлээ.

Ахлах зөвлөх Стивен Мартин, олон улсын стандартад Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дараагийн сонгууль болохоос нэг жилийн өмнө хийхийг зөвлөдөг. Манай байгууллагын зүгээс экспертийн түвшинд санал, дүгнэлт, техникийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой гээд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.