Даваасүрэн.Ц 2018.01.18

Ц.Даваасүрэн: Монгол хүн дээр эм туршиж байна. Төр гэж байна уу?

Өнөөдөр УИХ-ын чуулганаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:

  • 40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа;
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
  • 50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа хамрагдах юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн энэ бол бидний хамгийн их санаа зовох ёстой асуудал мөнөөс мөн. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө мөнгө зарцуулдаг байх ёстой гэдгийг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Хорт авдраас зайлсхийе гэвэл урьдчилан сэргийлэх л юм байна лээ өөр арга байхгүй. Өчнөөн жил УИХ-д суучихаад гэнэт УТАА яриад байгаа гишүүд  яагаад үүнийг ярихгүй байна вэ? Энд аймаар тоонууд орж ирсэн байна шүү дээ. Үүнийг л харин ч бид ярих ёстой.

Тухайлбал, Ходоодны хорт хавдраар 2-т , Умайн хүзүүний хорт хавдраар Азид 2-т, гэмт хэргийн улмаас нас барагсдын тоо дэлхийд 3-т, авто ослоор нас барагсдын тоо бүхэл бүтэн 2 бонг онгоц буюу 500 хүн...ингээд үзэхээр бид ямаршуухан улс орноо авч яваа гэдгээ энэ хэдэн тооноос харах хэрэгтэй.

Америкаас нэг элэгний эм авчирчхаад бөөн юм болоод байх юм. Миний олж мэдсэнээр энэ эмийн Америкт хүн дээр туршиж үзээгүй байгаа юм байна лээ, хорьчихсон. Гэтэл Монголд туршиж болж байгаа юм. Монголын төр гэж байна уу? Хэдэн нөхөр Монгол улсад хүн дээр эм туршиж байна.

Экспортын орлого 6 тэрбум хүртээ гэж том том мэдэгдэл хийгээд байгаа. Энэ 5 тэрбум чинь өнгөрсөн жил ч, түүний өмнө жил байсан л мөнгө. Гэхдээ энэ мөнгөний хэд нь Монголд үлдэж байгаа вэ гэвэл дийлэнх нь Оюутолгой руу очиж байгаа шүү дээ. Энэ алт зэсний үнийн өсөлтийг чинь хэн хүртэж байгаа вэ? Гэтэл Оюутолгойн хувьцаа эзэмшигчид л хүртэж байгаа. Энэ үнэн ш дээ.

Жил бүр 100 сая долларын татвараас зайлсхийсэн байна гэж татвараас Оюутолгойд акт тавьсан байна лээ. Энэ бол бүх албан хаагчдынхаа цалинг 15-20 хувиар нэмэх боломжтой мөнгө шүү дээ.

Ингээд бодох бол мөнгө бол байгаа. Д.Дамба-Очир гишүүний энэ хуульд хэрэгтэй байгаа 70 тэрбум бол юу ч биш. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө анхаарал хандуулж, мөнгө зарцуулдаг байх хэрэгтэй.