2018.01.18

Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаардадгүй итгэлийн зээл олгох чиглэлээр бодитой шийдвэр гаргаач

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын Д.Оюунхорол  байр сууриа илэрхийллээ

Хадгаламжийн даатгалын Корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжрах, хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх мөн банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх юм байна гэж би ойлгож байгаа. Улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй  шийдвэр болох юм байна.

Сангийн хөрөнгийн үр ашигтай удирдардах боломжийг бүрдүүлэх,  хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр илүү анхаарах ёстой.

Хоёр зүйлийг хэлэхэд,  нэгдүгээрт энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг менежмент хийх нэрээр ашиг олж үрэн таран хийх явдал нилээн олон жилээсээ улбаатай яригддаг байсан. Зарим нэг арилжааны банк дампуурахад нийгмийн даатгалын сангийн 2 тэрбум төгрөг алга болсон. Энэ хөрөнгө мөнгийг эргүүлэн авч эзэлж чадсан уу?

Ер нь бол эрүүл мэндийн санд мөнгөө төлж байгаа иргэд миний амь нас ирээдүйд баталгаатай, эрслэлгүйгээр санхүүгийнхээ боломжийг хангана гэсэн байдлаар цалингаасаа эрүүл мэндийн даатгалдаа мөнгө төлдөг.

Тийм учраас энэ мөнгийг нь менежмент хийх нэрээр үрэн таран хийгээд алга болгодог муу зуршил, хариуцлагагүй байдал газар авсан.

Энэ байдлыг таслан зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээг манай сангийн яам авч хэрэгжүүлэх мөн эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сан бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой гэж боддог. Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг үрэгдүүлсэн, шамшигдуулсан, буруу зүйлд хөрөнгө оруулалт хийсэн асуудал илэрч байсан.

Гэхдээ тухайн хөрөнгө мөнгийг буцаагаад төлүүлж чадсан уу? Үнэхээр зөв менежмент хийж чадсан болов уу гэсэн эргэлзээ байдаг.

Өөрөөр хэлбэл  нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг бол амьжиргаа, амьдралынхаа баталгааг хангах гэж хийж байгаа хөрөнгө оруулалт. Харамсалтай нь энэ зүйлүүд нь одоо эрсдэлд ороод байгаа учраас хүмүүст эргэлзээ тээнэгэлзээ төрөх асуудлууд байдаг. Гуравдугаарт хэлэх гээд байгаа зүйл бол зээлийн хүүн бууруулах чиглэлээр манай банк санхүүгийн байгууллагууд дорвитой арга хэмжээг авч ерөөсөө чадахгүй байна.

Үйл ажиллагааныхаа зардлыг бууруулахгүй байна. Дээр нь нэмээд хэлэхэд Монгол улсын засгийн газраас барьцаа хөрөнгө шаардахгүй  итгэлийн зээл олгож ажилгүй орлогогүй байгаа ядуу иргэдийг ажилтай орлоготой болгох асуудлыг бид ярих ёстой.

Ядууралгүй тэгш байдлыг хангаж өгөх асуудал дээр бид олон улсын байгууллагын өмнө тогтвортой хөгжлийн зорилтын гол бодлогуудыг хангаж өгөх ёстой.  Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээсэй. Баян хоосны  хэт их ялгааг бууруулж ирээдүй хойч үедээ хор хөнөөл учруулахгүйгээр нийгмийн баялгийг  тэгш хуваарилах асуудал учир дутагдалтай байгаад байна.

Тийм учраас энэ асуудал дээр дорвитой чухал арга хэмжээг аваач ээ. Тогтвортой хөгжлийн зорилтын гол үзэл санаа бол хэнийг ч ардаа үлдээхгүй тэгш байх гэдэг зарчмыг баримталж байгаа боловч энэ зарчим хэрэгжихгүй байгаа. Өнөөдөр баян хоосны ялгаа хоёр талруугаа туйл болтол явж байгааг бид статистик тоон судалгаа дээрээс харж болно.

Саяхан 7,8 их наядын хадгаламжийг Монголын нийт хүн амын 5 хувь эзэмшдэг. Баялгийг тэгш хуваахад  мөнгөнд хандах хандлага, зарцуулах зарцуулалтыг, хяналт шалгалтыг илүү сайжруулах шаардлагууд байна гэж бодож байна.

Дэд сайд Х.Булгантуяа байна. Барьцаа хөрөнгө шаардадгүй итгэлийн зээл олгож ажилтай орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх  чиглэлээр бодитой арга хэмжээ аваачээ.

Энэ саналыг маш олон удаа ярьж байна, бодитой шийдэл гаргасан тодорхой үйлдэл алга байна. Энэ тал дээр онцгой анхаарч ажиллаач ээ гэсэн саналыг хэлмээр байна.