Гантулга.Д 2018.01.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг баталлаа

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг баталлаа
Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга

Улсын Их Хурлын ээлжит чуулганы (2018.01.19) үдээс өмнөх хуралдаан 10 цаг 20 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцууллаа.  

Хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл төслийн 8.1.2 дахь заалтыг, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 9.1.1 дэх заалтад зохицуулах алба нь Эрүүл мэндийн яамны чиг үүргийг гүйцэтгэхээр ойлгогдож байсныг хэрхэн томъёолж найруулсан тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан зохицуулах алба гэснийг донорын зохицуулах алба гэж өөрчлөх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасныг Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцуулгадаа дурдав. Чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Н.Учрал нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар  төслийн 17 дугаар зүйлд “Эмч, эрүүл мэндийн ажилтан донор болон реципиентийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн өөрт нь мэдээлнэ” төслийн 18.2-т “Шилжүүлэн суулгах эс, эд эрхтэнийг амьгүй донороос авах бөгөөд хэрэв амьд донороос авах бол эс, эдийн тохироо нь нийцсэн, эмгэг өөчрлөлтгүй, гэр бүлийн гишүүнээс авна” гэсэн заалтыг тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их хурлын гишүүн Н.Учрал, Донорын тухай хуулийг дэмжиж байгаа ч хүний эд эрхтэний наймааг хааж чадсан эсэхийг тодруулж байв. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Донорын тухай хуулиар хүний эд эрхтэнийг импортлох, экспортлохыг хязгаарлаж, ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр байхаар хуульчилсан гэж хариуллаа.

Ингээд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын  зөрүүтэй 7 саналын томъёоллоор санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 8.1.2 дахь заалтыг “гамшгийн үед харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгуулагад цус цусан бүтээдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд  шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, удирдлага зохион байгуулалтаар хангах”, төслийн 13.2 дахь хэсгийг “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн.

Төгсгөлд нь  УИХ-ын хуралдаан даргалагч Л.Энх-Амгалан "Хуулийн төслийг боловсруулан, өргөн барьсан Эрүүл мэндийн яам, Засгийн газарт баярлалаа. Мөн УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, түүний ахлагч Д.Гантулга гишүүнд баярлалаа" гэв.