2018.01.19

Д.Тэрбишдагва: Жилийн төсөв 10 тэрбум байх үед шүлхийг хяналтандаа байлгаж чадаж байсан

Өнөөдөр /2018.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрч байгааг онцлож, өвс тэжээлийн хангалтыг хэрхэн хүргэж байгаа асуудлыг хамгийн ихээр хөндсөн юм. 

Д.Тэрбишдагва: Ямар нэгэн асуудал хэлэлцэж байхад холбогдох яамны сайд байх ёстой. Сайд байхгүй бол дэд сайд байх ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд байхгүй байна. Цаашдаа ийм маягаар хурал хийвэл үр дүн гарахгүй.

Нэгдүгээрт, Улсын хэмжээнд нийт малын 25 хувийг 2 хоног л тэжээх нөөцтэй байна. Цаашдаа улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр бид их ярьдаг байсан. Ялангуяа Сүхбаатар, Дорнод аймагт түймрийн аюул гардаг. Зурвас гаргаж, тэжээлээ гаргаад тэндээс хангалттай тэжээл гаргах боломж байгаа. Энэ бодлогыг үргэлжлүүлж явуулах уу? Энэ жилийн өвс тэжээлийн ихэнхийг нь Дорно, Сүхбаатар аймгаас бэлдсэн байна.

Хоёрдугаарт, нэг талаасаа өөрөө өвсөө бэлдсэн малчид ямар ч хөнгөлөлт эдлэхгүй. Нөгөө хэсэг нь 40 тэрбум төгрөг төрөөс гаргаад ОХУ-аас тэжээл авч байна. 50 хувийн хөнгөлөлттэй авч, зарим нь үнэгүй авч байна. Энэ бодлогыг цэгцлэх хэрэгтэй. Ямар хүмүүст нь хөнгөлттэй өгч, ямар хүмүүс нь монголынхоо тэжээлийг үндсэн үнээр авах вэ? 50 тэрбум гэдэг бол их мөнгө. 

Гуравдугаарт,  Засгийн газарт их дэмжлэг үзүүлж байгаа. Намайг салбарын сайд байхад жилийн төсөв 10 тэрбум байсан. Одоо жилийн төсөв 266 тэрбум төгрөг. Дээрээс нь 40 тэрбум төгрөгөөр дэмжлэг үзүүлж байна. Үүн дээр үр дүнгээ тайлагнахгүй бол сүүлийн үед мөнгөн дээр туйлдаг байдал их байна. Шалгаж үзэх хэрэгтэй. 10 тэрбум төгрөгний төсөвтэй байхад шүлхийг барьж чаддаг байсан. Одоо бол шүлхий замбараагаа алдаж байна. Орон нутгийн засгийн удирдлагаас эхлээд үүн дээр онцгойлон анхаарах ёстой. Махны экспортын тухай байна. Нарийн ярьвал 30-аад мянган тонны экспортын 26 мянган тонн нь адуу байгаа шүү дээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Улсын нөөцийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудал байдаг. Улсын нөөцөд зайлшгүй байх шаардлагатай бараа, материалын төрөл гэж байдаг.

Түүнтэй холбогдуулаад байх ёстой төсвийн хөрөнгийн 50 хувийг нь л төсвөөс авч чадаж байгаа.

Энэ мөнгөндөө багтааж улсын нөөцөө бүрдүүлдэг. Цаашдаа энэ нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 3 хоногийн нөөцийг бүрдүүлэх ёстой байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 2 хоногийн нөөцийг л даах хэмжээнд ажиллаж байна.

Зүүн аймгуудын бүс нутагт, ялангуяа зүүн аймгаас өвс тэжээл бэлдэх, зурвас гаргах гэдэг асуудал бол орон нутгийн гамшигаас хамгаалах хуулийн дагуу орон нутгийн засаг дарга нарын үүрэг хариуцлагад багтдаг. Ийм боломж байхгүй биш байгаа. Энэ чиглэлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэх боломжтой.

Шүлхий өвчний асуудал бол монгол орны хэмжээнд хүндэрсэн.

Өнөөдрийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна.

Шүлхийн өвчинтэй тэмцэх асуудал хүндрэлтэй болсон. Малын тоо 10 жилийн өмнөхөөс хэд дахин нэмэгдсэн. Малчдын болон малын хөдөлгөөн хяналтаас гарсан байна. Үүнтэй уялдуулаад шүлхий өвчний гаралт маш ихээр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой 2 хууль гарсан. Дагалдах журмуудыг ХХААХҮЯ-наас яаралтай гаргах ажилтай байгаа.

ХХААХҮЯ-ны ажлын хэсэг: 40 тэрбум төгрөгний санхүүжилтээр өвс тэжээл импортоор авсан. Энэ нь баланс дутагдсантай холбоотой. Анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид ийм байдал гаргахгүй байхын төлөө ажиллана. Аль болохоор дотооддоо өвс тэжээлээ 100 хувь бэлдэх ажил зохион байгуулна. Энэ жилийн хувьд халалттай байсантай холбоотойгоор өвс тэжээлийн дутагдал бий болсон.

40 тэрбум төгрөгийн хувьд энэ бол зээл.

Хамгийн бололцоотой үнээр борлуулалтаа хийгээд, энэ оны 8 сард төсөв дээрээ эргэн төлөгдөх нөхцөлтэй тавигдсан. ААН-үүддээ ч гэсэн цаг үеийн байдалтай нийцүүлж гаргахаар 75 хувийн нөхцөлт дансаар дамжуулж өгнө. Одоо санхүүжилтийн дөнгөж 50 хувь нь хийгдээд явж байна. Урт хугацаандаа хадлан, тэжээлээ хангалттай тариалах бодлогыг барьж байна. Тухайлбал, 1.2 сая тонн тэжээлтэй тэнцэхүйц уурагт тэжээлийг 45 мянган га усалгаатай талбайгаас авах бололцоотой.