М.Өлзийбат: Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй

М.Өлзийбат: Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг  өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд бид Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.

-Сайн байна уу? Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтийг нь та хэрхэн дүгнэж байна вэ?

-Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа.

Жолоочийн даатгалын үйл ажиллагааг зохицуулсан нилээдгүй олон  журам хэрэгжиж байна. 2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийтдээ 690000 даатгуулагч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна. Мөн 2017 онд даатгуулагчид жолоочийн хариуцлагын  даатгалын хураамжид нийт 28.7 тэрбум төгрөг төлсөн ба даатгалын 25000 тохиолдолд 14.4 тэрбум төгрөгийн хохирлыг  нөхөн төлбөрөөр олгосон байна.

Энэхүү хууль нь  Хохирогчийг эрсдлээс хамгаалах нь чухал ач холбогдол боловч зэм тээврийн ослыг бууруулах зорилготой. Гэвч зам тээврийн осол буурахгүйбайна.. Одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хохирлыг төлж байгаа. Өөрчлөх хэрэгтэй зүйл бас байна. Хариуцлагагүй жолооч нарын гаргах зам тээврийн осол нэмэгдэж, түүнийг дагасан нөхөн төлбөр өссөж байгаа нь хууль ач холбогдолтой, сайн хэрэгжиж байна гэж үзэж бас болохгүй. Харин эсрэгээр осол, зөрчлийн тоо буурч, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ буурснаар ач холбогдолтой гэж үзэх юм.

Мөн Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалыг албан журмын даатгал мэтээр ойлгох иргэд байдаг, мөн даатгалын компани, түүний төлөөлөгч нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг хийхдээ иргэдийг төөрөгдүүлэн тээврийн хэрэгслийн даатгалд давхар хамруулах асуудал байж болохыг үгүйсэхгүй.

-Өнгөрсөн оны 10 сард Санхүүгийн зохицуулах хорооноос зам тээврийн осолд өртсөн холбогдогч талууд хоорондоо маргаангүй, гэм буруугаа хүлээсэн, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглээгүй тохиолдолд даатгалын компаниуд даатгуулагчдаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөр олгох тухай чиглэл гаргасан. Энэ талаар тодруулбал?

-Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, мэргэжлийн холбоод болон даатгалын компаниудыг оролцуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тулгамдаж байгаа асуудлын талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг уулзалт, хэлэлцүүлгээс шийдвэрлэсний дагуу Замын цагдаагийн алба, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад оролцогч байгууллагуудаас тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллахаар болсон. 

Санхүүгийн зохицуулах хорооноос дараах чиглэлийг даатгалын компаниудад өгсөн. Үүнд:

  1. Даатгалын тохиолдолд өртсөн холбогдогч талууд эсвэл даатгалын шуурхай алба нь зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд, замын цагдаад дуудлага өгөх, мөн даатгалын тохиолдол нь залилангийн шинж чанартай гэж үзвэл даатгагч цагдаагийн байгууллагад өгч шалгуулах;

  2. Даатгалын шуурхай алба нь даатгалын тохиолдлыг шалгасан эсвэл шуурхай албаны заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулсан бөгөөд холбогдогч талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол даатгуулагчдаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгох

  3. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/21/22 тушаалаар баталсан “Даатгагч, жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх, түүнийг ашиглах журам”-ын дагуу жолоочийн хариуцлагын даатгалаар нөхөн төлбөр өгсөн даатгуулагч нарын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагад тогтмол өгөх зэрэг болно.

Бусад оронтой харьцуулахад манай улсын даатгалын зохицуулалтын бодлого уян хатан. Шууд хэлэхэд энэ бол жолооч нарын ухамсарын асуудал. Хууль зөрчиж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан мөртлөө зөрчлийн оноогоо хасуулахгүй гэж ярьж байгаа нь буруу. Хариуцлагагүй байдлыг өөгшүүлж байгаа хэрэг. Хариуцлага алдаад анхаарал болгоомжгүйгээсээ зам тээврийн осолд орж байна. Гэтэл зам дээр бас танхайрлын шинжтэй явдлууд ч мөн болж байна. Урсгал сөрж гэрэл дохио зөрчиж осол гаргасан, эгнээ байр эзлэхдээ болон хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, эргэх хөдөлгөөн хийхдээ тэмдэглэгээ зураасыг анхаараагүйн улмаас мөргөлдсөн гэх зэрэг жолоочийн баримтлах энгийн дүрмүүдийг зөрчсөн тохиолдол их байна. Хүн өөрөө хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх л ёстой

-Даатгалын залилангийн асуудал гардаг учраас энэ журмыг хэрэгжүүлэхэд асуудалтай байдаг гэж даатгалын компаниуд ярьж байсан. Тэдний зүгээс камерын эрхийг өгөх шаардлагатай гэсэн шаардлага тавьсан гэсэн. Энэ талаар танай хорооноос ямар хариу өгөх вэ?

-Нэг талаасаа жолоочийн даатгалын хөгжүүлэх нь зөв боловч үүнийгээ дагаад даатгалын залилан мэт саар зүйлс гарч ирдэг.

Хэрэв үгсэн хуйвалдсан, тухайн үед даатгалын тохиолдол болоогүй, өмнө нь үүссэн сэвийг дөнгөж сая мөргөлдсөнөөс үүдсэн мэтээр харагдуулах зэрэг залилан, гэмт  хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагад асуудлыг шууд шилжүүлж шалгуулах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ч үүнийг мөрдөн шалгах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ тал дээр даатгалын компаниудад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй.

-Жолоочийн даатгалын хураамж тооцох итгэлцүүрийн журманд өөрчлөлт орох уу? Ослын тоо, хэмжээнээс хамаарч итгэлцүүрийг тооцно гэж хуулинд заасан. Гэхдээ зөвхөн тооноос хамаарч байгаа гэсэн зөрчил үүсээд байна гэсэн?

-Банкнаас бусад санхүүгийн зах зээлд Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй журам, дүрэм, заавруудыг шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу шинэчлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд албан журмын даатгалын эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох өөрчлөлтүүд орно. Санал авч ажиллаж байна.

-Шуурхай албанд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадахижуулах шаардлагатай гэдэг талаар холбогдох байгууллагууд хэлж байна. Энэ тал дээр ямар саналтай байна вэ?

-Шуурхай албаны ажил маш чухал. Даатгалын тохиолдол гарахад тухайн газар дээр хамгийн шуурхай очих ёстой алба байх ёстой. Гэтэл зарим шуурхай албад төдийлөн шуурхай байж чадахгүй байна.

Зам тээврийн осол, зөрчил гарлаа гэхэд хоёр тал даатгалын компаниудаа дуудна хоорондын уялдаа, хамтын ажиллагаа байхгүй. Тйимээс Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо нь шуурхай албадын уялдааг сайжруулах, мөн урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай гудамж замын камерийн хяналтгүй хэсэг болон автомашин бүрийг камержуулах ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт, төлөвлөгөө гаргаж, эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах талаар тус Хорооноос чиглэл өгч ажиллаж байна.

-Танд баярлалаа

Ярилцсан

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn

Зочин

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат