Эрдэнэ.С 2018.01.22 | 24tsag.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга болон Э.Бат-Үүл нарын зөрчилдөөн нь АН-ын байр суурь биш

Ерөнхийлөгч Х.Баттулга болон Э.Бат-Үүл нарын зөрчилдөөн нь АН-ын байр суурь биш

УИХ дахь сөрөг хүчин, АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж эрх баригч МАН-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого ард иргэдэд ямар дарамт учруулж байгаа, түүнийг эсэргүүцэж УИХ дахь сөрөг хүчний зүгээс ямар алхам явуулахаар зэхэж байгаа зэргийг асууж ярилцлаа. С.Эрдэнэ даргын хувьд хөдөөгүүр дөрвөн аймгийн ард иргэд сонгогчидтой уулзаж яваад иржээ. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоод завсарлагаанаар өрөөндөө байхад нь орж уулзлаа.

-УИХ-д 65-ын бүлэг байгуулсан эрх баригч МАН-ын Ардын Засгийн газар байгуулагдаж ажилдаа ороод 100 хоногтойгоо золгоод байна. Сөрөг хүчний зүгээс энэ Засгийн газрын 100 хоногийг хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Одоо тэгээд аль Засгийн газрынх нь 100 хоног ч болж байгаа юм. Бодвол хоёр дахь Засгийн газрынх нь 100 хоног болж байгаа юм байлгүй дээ. Ер нь зүгээр эрх баригч нам төр засгийн эрх аваад бол үндсэндээ нэг жил долоон сарын хугацаа өнгөрч байгааг ард түмэн харж, мэдэж байгаа.

Тэгэхээр 100 хоногоор хэмжих юмуу, жил долоон сараар нь хэмжих юмуу гэдэг асуудлыг сөхөж тавих ёстой юм. Энэ чинь өөр нам гарч ирээд төр засгийн эрхийг авчихаагүй, ганцхан МАН гэдэг хүчин дотроо л асуудлаа яриад намын удирдлага, Засгийн газрын тэргүүнээ сольсон асуудал болсон шүү дээ.

Зүгээр ер нь бол хэмжүүр гүйнэ гэж ярьдаг л даа. Тэр хэмжүүр гүйж эхэлсэн хугацааг тооцвол 2016 оны долоодугаар сараас эхлээд л тооцох ёстой юм. Тэр хугацаанаас хойшхи асуудлыг аваад үзвэл нэг л дүгнэлт хэлж болно. Тэр нь юу гэвэл Монголчуудын амьдралд ямар нэгэн гялайж гялтайх өөрчлөлт гарсангүй. Жил долоон сарын хугацаанд ч өөрчлөлт гарсангүй одоо энэ У.Хүрэлсүхийн засаг гарч ирээд ч 100 хоногт олигтой дэвшил гаргасангүй.

За яах вэ 2016 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь “Өрийг өрөөр дарахгүй, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ, шинэ татвар бий болгохгүй” гэсэн маш олон юмнууд байж байгаа. Харамсалтай нь өнөөдөр бодит амьдрал дээр өнгөрсөн жил долоон сарын хугацаанд ганц км зам тавьсангүй, нэг ч том төсөл хөдөлгөсөнгүй, харин баахан өр зээл л тавилаа. Миний мэдэхийн хоёр гурван ч том бонд босголоо.

Бонд гэдэг чинь эргээд төлөгддөг нэг төрлийн өр юм л даа. Хамгийн харамсалтай нь урьд авсан бондуудыг жигтэйхэн дордуулаад авсан. Жишээлбэл 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан Евро бондын 680 сая ам долларын өр авлагыг “Хуралдай” гэгч бонд босгоод дарсан байх.

Гэтэл Евро бондын зээлийн хүү, “Хуралдай” бондын зээлийн хүү хоёрын дундаас маш том зөрүү гарч ирсэн. Товчхондоо бага хүүтэй бондын өрийг маш өндөр хүүтэй бондоор дарж байх жишээтэй. Тэр Евро бонд, “Хуралдай” бондын хүүний зөрүү нь улсын төсөв дээр дарамт болоод ирж байна. Эдний ингэж баллаж байгаа улсын төсөв чинь ард иргэдийн татвараар л бүрддэг юм шүү дээ.

-Энэ оны эхэнд “Чингис” бондын 500 сая ам долларын өрийг дарснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бахархалтайгаар зарлаж байсан. Энд бас л баахан алдагдал үүссэн үү?

-“Чингис” бондын 500 сая ам долларын өрийг “Гэрэгэ” ч билүү бас нэг бонд босгож дарсан л даа. Тэрийг дарахдаа бас л өмнөх бондын хүүг илт нэмэгдүүлж илүү өндөр хүүтэй бонд босгох замаар л барагдуулсан. Тэр хүүний зөрүү бас л төсөв дээр ачаалал болж суусан байгаа. Тухайн үед Ерөнхий сайд болон Сангийн сайд нар нь хэрхэн дүвчигнэж байсныг надаар хэлүүлэлтгүй манай иргэд харсан, сонссон. Би нэг л зүйл дээр гайхаад байгаа юм.

Хэрвээ үнэхээр том төсөл хөтөлбөрөө хөдөлгөж үнэхээр баялаг бүтээж, хуримтлал бий болгоод тэрүүгээрээ аль нэг өр зээлээ дарж байгаа бол тэр нь тодорхой ажил хийсэн болж харагдах ёстой юм. Гэтэл зээл авч өрөөр өрийг дарчихаад түүнийгээ ажил хийсэн гэж яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Сонгуулийн үеэр тахиа шиг донгодож байсан “Өрийг өрөөр дарахгүй” гэсэн амлалтаа яг эсрэгээр нь хийгээд байгаа эрх баригчдыг ажил хийсэн гэж огт бодохгүй байна.

Нэг жил долоон сар ч байна уу, 100 хоног ч байна уу энэ хугацааг шууд дүгнээд хэлэхэд Монгол Улсад хэрэгтэй, дорвитой нэг ч өөрчлөлт хэрэгжсэнгүй, эдийн засгийн ямар нэгэн реформ явсангүй, эрх зүйн хүрээнд ч янз бүрийн шинэчлэл хийгдсэнгүй.

Төрийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүд дээр ч ямар нэгэн үр дүнтэй өөрчлөлт, реформууд хийгдсэнгүй. Шулуухан хэлэхэд жил долоон сар ажиллаж байгаа өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд шууд хангалтгүй гэсэн дүн л тавьж байгаа.

 -2012-2016 онд АН засгийн эрхийг барьж байхад та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тухайн үед 100 хоногт танай Засгийн газар ямар ажлууд хийгээд байсан бол?   

-Тухайн үед жил долоон сарын хугацаанд маш их ажил хийчихсэн байсан юм шүү. Харин 100 хоногтоо бол иргэдтэй уулзах 11:11 төвийг байгуулж төр засгийн бодлогыг нээлттэй танилцуулах ажлыг хийчихсэн байлаа. Мөн хүүхдийн 10 мянган төгрөгийг зогсоочихсон байсныг 20 мянга болгож цахим хэлбэрээр өгөөд эхэлчихсэн байсан.

Тэтгэврийн нэмэгдлийг мөн л шийдчихсэн байлаа. Ингээд яриад байвал маш олон ажлыг шийдчихсэн, шийдэх шатандаа орчихсон явж байсан. Тэр үеийн 100 хоног буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын эхний 100 хоногийн хийсэн бүх ажлыг маш тодорхой цаасан дээр гаргаад өгөх боломжтой.

 -Удахгүй ирэх хоёрдугаар сарын 1-нд сөрөг хүчин АН-ын зүгээс нийт ард иргэдийг уриалж эрх баригчдын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг эсэргүүцсэн  жагсаал зохион байгуулах гэж байгаа. Энэ жагсаал цуглааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа бол?

-Ер нь ирэх хоёрдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байгаа жагсаал цуглаанаар эрх баригчдад үндсэн дөрвөн төрлийн шаардлага тавихаар бэлтгэж байгаа.Эхний гурван төрлийн шаардлага дээр сүүлд нэмэгдсэн үнийн өсөлт дээр тодорхой арга хэмжээ аваач гэдэг шаардлага нэмэгдсэн байгаа.

Энэ дөрвөн асуудлыг шийдэж тодорхой хариу өгөх болов уу гэж харж байна. Хэрвээ шийдвэртэй арга хэмжээ аваад дээрх дөрвөн асуудлаар тодорхой гарцтай, Монголын нийгэмд хэрэгтэй шийдсэн хариу өгөх юм бол бидний зүгээс ард иргэдийг уриалж заавал жагсах, тэмцэх албагүй л дээ.

Хэрвээ хариу өгөхгүй бол бид дараагийнхаа шаардлагыг нэлээн өргөжүүлж, Монгол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болно. Хоёрдугаар сарын 1-ний жагсаал цуглааны бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж ойлгож болно. Ямар ч байсан ард иргэд, бусад намууд мөн Үйлдвэрчний эвлэл, төрийн бус олон нийтийн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлээд байна.

Ямар ч гэсэн бидний зүгээс ирэх сарын 1-нд улс орон даяар эрх баригчдын буруу шийдвэр, амлалтаасаа няцсан үйлдлүүдийн эсрэг ард иргэд нэлээн ширүүхэн үгээ хэлэх, эсэргүүцлээ илэрхийлэх бүх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа.

 -Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилж Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмэгдүүлчихлээ. Тэр 700 саяын 500 саяыг нь утааг багасгахад зарцуулна гэж байна. Гэтэл иргэдийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмсэнгүй өнөөдрийг хүрлээ. Юмны үнийн өсөлттэй уялдан цалин тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа. Энэ талаар сөрөг хүчин хэрхэн үгээ хэлж, тэмцэж байгаа вэ?  

-Бидний зүгээс өнөөдрийн эрх баригчдаас ганц л зүйл шаардаж байгаа. Тэр нь юу вэ гэвэл “Амлалтаа биелүүлээч ээ” л гэж байгаа юм. Өөрсдийнх нь 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө дэвшүүлсэн ланжгар ланжгар мөрийн хөтөлбөр, амлалтууд нь бэлээхэн байж л байна.

Цагаан цаасан дээр хараар бичсэн тэр сүрхий амлалт, мөрийн хөтөлбөрөө бүх сонгогч иргэдэд уйгагүй тараасан шүү дээ. Тэгэхээр ард түмний тархийг угааж, саналыг нь луйвардаж салгасан тэр мөрийн хөтөлбөр амлалтуудаа биелүүлээч ээ гэж л бидний зүгээс шаардаж байгаа. Харин өнөөдрийн эрх баригчдын үнэхээр хийж хэрэгжүүлж чадахгүй, хүсэхгүй зүйлийг бид шаардаагүй л байхгүй юу.

Эд нар чинь мэдээж тухайн үед мөрийн хөтөлбөр, амлалтуудаа боловсруулахдаа “Ядаж үүнийхээ талыг нь ч болтугай хийж болох байх” гэж тооцоолоод л тусгаж оруулсан байж таарнаа даа. Үнэхээр чадна, болно гээд мөрийн хөтөлбөр боловсруулаад тэрийгээ хэрэгжүүлэх санаатай ажиллаж байгаа ухаантай юм бол илүү хурдан, илүү зоригтой, эрч хүчтэй ажиллаач ээ гэж л шаардаад байгаа юм.

Цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн тэр хаана байна. Гэтэл үндсэндээ бүрэн эрхийн хугацааныхаа талд нь шахуу орчихлоо шүү дээ. Харин энэ хугацаанд цалин тэтгэврийг ганц ч төгрөгөөр нэмсэнгүй, ядарсан ард иргэдийнхээ зүг нэг ч удаа гараа тэнийлгэсэнгүй. Шинэ оны эхнээс тэтгэврийг 8 хувиар нэмнэ гэсэн сураггүй байж байгаад өнөөдөр л нэг юм ирэх сараас 27 мянган төгрөгөөр нэмэх тухай дуулдаж эхэлж байна.

Одоо удахгүй Цагаан сар болох гэж байна. Энэ олон ахмадууд яаж түүнийг тэмдэглэх юм, залуучууд нь ажилгүй, цалингүй шахам байхад яаж Цагаан сарын ард гарах юм. Монголын нийгэм даяар бухимдал маш их байна. Мэдээж Цагаан сар хийхийн тулд өнөөх л сурсан зангаараа хамаг байдгаа ломбарданд тавьж таарах байх.

Гэх мэтээр яриад байвал энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл үнэндээ юу ч алга. Дахиад хэлэхэд эд нараас ерөөсөө илүү юм шаардаагүй. Зүгээр л өөрсдийнх нь амласан амлалтаа биелүүлээч ээ гэдгийг л хэлж, шаардаж байна.

 -Та өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболдод 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагчдад байр, тэтгэмж олгуулах хуулийн төсөл өргөн барьсан. Эрх баригч 65-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжих болов уу. Ер нь тэдгээр хүмүүст тэтгэмж олгоход улсын төсвөөс хэд орчим тэрбум төгрөг шаардлагатай бол?  

-Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол Улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Тэгээд энэ эрх зүйг зохицуулах хуулийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэдгээр хүмүүст төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөл нь зүгээр нэг Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон АН ч юмуу Ардчилсан холбооны гишүүдэд зориулагдсан хуулийн төсөл биш юм.

Ер нь Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон маш олон иргэн бий. Тэдний дунд маш олон үзэл санаа, намын харьяалалтай хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ л хамрагдах ёстой юм. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог өөрчилсөн, эдийн засаг, үзэл санааны хувьд өөрчилсөн, төрийн байгуулалтын хувьд өөрчилсөн бүхэл бүтэн хувьсгал байсан юм.

Энэ том хувьсгалыг тайван замаар, улс оронд ганц цонх ч хагалж хохирол учруулалгүйгээр хийсэн нь үнэхээр дэлхий нийтийн бахархал болж байсныг дурдах ёстой. Одоо ч ардчилсан өөрчлөлтийг Монгол Улс шиг тайван замаар хийсэн улс дэлхийд байхгүй байна шүү дээ. Тийм учраас энэ түүхэн хувьсгалыг санаачилж, гар бие оролцож, жагсаж тэмцэж явсан анхдагчдыг Монголын төрөөс заавал үнэлж, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх ёстой юм.

Тэгээд ч ардчилсан хувьсгалын анхдагчдаас одоо нэг 1100 орчим хүн л үлдсэн тоо гарч байгаа. Энэ ажилд нэг их сүртэй төсөв даахгүй хэмжээний хөрөнгө мөнгө гарахгүйг бид тооцож үзсэн байгаа. Бидний тооцоогоор харьцангуй боломжийн мөнгө гарах юм билээ. Энд ерөнхийдөө 1990 оны зургаадугаар сараас өмнөх үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүс л голдуу хамрагдахаар яригдаж байгаа юм.

 -Ардчилсан нам гишүүдийнхээ татварыг нэмж жилийн 12 мянга болгосон нь Улстөрийн намын тухай хуулийн дагуу хийсэн ажил уу. Аль эсвэл намаа санхүүгийн хувьд бэхжүүлэх, ирэх 2020 оны сонгуульд одооноос бэлдэж эхэлж байгаа хэрэг үү?

-За яах вэ дээ. Урьд манай намын татвар нь сарын 100 төгрөг, жилийн 1200 төгрөг байсныг өмнөх Үндэсний зөвлөлдөх хорооны 50 дугаар хуралдаанаар жилийн татварыг 12 мянга болгох шийдвэр гарсан юм. Тухайн үед би намын дарга болоогүй байсан. Сая Үндэсний бодлогын II хуралдаанаас дээрх шийдвэрийг баталгаажуулж гишүүдийнхээ татварыг 12 мянга байхаар баталсан.

Энэ татвар бол манай 180 мянга гаруй гишүүдийн л төлөх татвар шүү дээ. Энэ нь төв нам дээр ирэх татвар биш аймаг, сум, дүүрэг хороон дээр очих татвар байгаа юм. Энэ татварын эх үүсвэрээр тухайн анхан шатны байгууллагууд маань санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулах гол эх үүсвэр нь болох учиртай юм. Хоёрдугаарт 12 мянган төгрөгийн татвар бол харьцангуй их мөнгө биш л дээ.

Хэдийгээр эрх баригч МАН гарч ирээд манай олон мянган гишүүнийг ажлаас нь халж, цалин мөнгөгүй болгосон ч яаж ч ядарсан бай сардаа ганц мянган төгрөг хэнд ч олдоно шүү дээ. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг үг байдаг байхаа. Хүнд сэтгэл байгаад зүтгэл байвал ганц мянган төгрөг яаж ийгээд л олоод өгнө.

Нөгөөтэйгүүр нэгэнт Ардчилсан намын гишүүн гэж л явж байгаа бол тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээх ёстой юм. Дандаа юм нэхдэг, аваад байдаг байж болохгүй л дээ. Энэ намын гишүүн л бол улс орныхоо ирээдүйн төлөө, намынхаа үйл ажилд идэвхтэй оролцож татвараа төлдөг, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг л байх ёстой.

 -Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголчууд маш их итгэл хүлээлгэн сонгож гаргасан. Хэдийгээр албан тушаалынхаа үүднээс АН-аас албан ёсоор түтгэлзээд байгаа ч сүүлийн үед танай намын лидер улстөрчийн нэг Э.Бат-Үүл Ерөнхийлөгчтэй нэлээн тэрсэлддэг болоод байгаа. Энэ талаар та АН-ын даргын хувьд юу гэж дүгнэж байгаа бол?  

-Манай нам бол маш их нээлттэй нам шүү дээ. Ардчилсан намын гишүүн байр сууриа яаж илэрхийлэх нь тухайн хүний л эрхийн асуудал юм. Гэхдээ ер нь зүгээр АН-ын үзэл баримтлал, үйл ажиллагаатай зөрчилдөх ч байдаг юмуу, намын дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр янз бүрийн юм ярих, нийтлэх нь манай үндсэн дүрмээр хориотой байдаг юм.

Зүгээр улстөр, эдийн засаг гээд улс орны хэмжээний асуудлаар тухайн хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь АН-д нээлттэй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай манай АН-ын гишүүн Э.Бат-Үүлийн байр суурь зөрчилдөх нь нийгэм улстөр, улс орны хэмжээний асуудал учир тухайн улстөрчийн л асуудал юм. Харин энэ нь АН-ын байр суурь биш гэдгийг ойлгох ёстой.

Ер нь зүгээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө хувьд хэлж ярьж байгаа нь төрийн тэргүүний л байр суурь шүү дээ.

Бас тэр нь АН-ын үндсэн байр суурь биш л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол аль нэг улстөрийн намаас шууд түтгэлздэг хуультай. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч бол АН-ын харьяалалтай, манай намын гишүүн биш. Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүн.

Тэгэхээр энэ хоёр хүний байр суурь нь АН-ын байр суурь биш, тухайн хувь улстөрчдийн л байр суурь гэдгийг л хэлье. Нэг нь хувь улстөрч, нөгөөх нь Монгол төрийн тэргүүн. Тэгээд байр суурь нь зөрөлдөж гэж л ойлгох хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгэмд байх л асуудал юм.

 -УИХ дахь сөрөг хүчин цөөхөн гишүүнтэй. Та хэд аль хэр санаа нийлж ажиллаж байгаа вэ. Жишээлбэл та нэлээн дээх нь Ж.Батзандан гишүүнийг загнаж, зэмлэж байсан. Ж.Батзандан гишүүний хувьд заримдаа намынхаа байр сууринаас зөрөлдөх үе байна уу үгүй юу?  

-УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэж байдаг. Тэгэхээр ямар нэгэн нам юмуу, бүлэг УИХ-ын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх, хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, аливаа үйл ажиллагаанд оролцох зэрэгт хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй.

Нэг талдаа ийм. Харин нөгөө талдаа хэдийгээр УИХ-ын гишүүн ч гэсэн давхар намын гишүүний харьяалалтай, улстөрийн албан тушаалтан учир намынхаа байр суурийг заавал барьж явах ёстой юм. Хэрвээ намын байр суурьтай нэгдэхгүй гэвэл тухайн намаас гарч болно. Харин Ж.Батзандан гишүүний хувьд өнөөдөр АН-ын байр суурьтай ноцтой зөрчилдөөд, ганцаарчилсан тоглолт хийгээд яваа юм байхгүй.

Хувь гишүүнийхээ зүгээс тухайн хэлэлцэгдэж байгаа асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй, хэвийн байх л асуудал. Тэрэнд намын даргын хувьд эмзэглээд, хяхаж хавчаад байх зүйл байхгүй, ерөөсөө тэгж ч болохгүй. Яах вэ хааяа эрчүүдийн хооронд хатуухан үг хаялцах, сөргөлдөх зүйл байж л байдаг шүү дээ. Гэхдээ би тиймэрхүү асуудалд сүйдтэй ач холбогдол өгдөггүй юм.

Д.Түвшин