Д.Сарангэрэл 2018.01.22 | Телевиз: TV5

25 нас хүрээгүй иргэн донор болохгүй

Манай Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ихэнхдээ амьд доннор ашиглаж байгаа.

Тархины гэмтэл болон тархины үхжилээр нас барсан иргэний эд эрхтнийг ашиглахын тулд доннорын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганаар уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Монгол Улсын иргэн 25 нас хүрээд эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрөх эсэхээ эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж байхаар хуулийн төсөлд суулгалаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнгөрсөн хугацаанд 147 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. 40 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Эдгээрээс 9-өөс бусад нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байна. Тиймээс бид эрүүл мэнд, амь насны эрсдэлд байгаа хүмүүсээ хамгаалах, нөгөө талаар эрүүл саруул амьд хүмүүсээ хамгаалах хоёр агууллагаар донорын тухай хуулийг баталлаа.

Энэ хууль дээр улстөрчид нилээн болгоомжилж байгаа. Учир нь донорын тухай хууль гарснаар эд, эрхтэн наймаалах, хүний амь насанд халдах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байна. Ажлын хэсэг жил шахам нухацтай ажилласан. Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа хэн хэнийх нь нэр нь нууцлалтай. Дараа нь ар гэрийнх нь зүгээс аль нэгэнд нь ачаалал, дарамт ирэхгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн. Нөгөө талаасаа эд, эс, эрхтэнг импортлох, экспортлохыг хориглоно. Энэ заалтууд нь эрсдлээс хамгаалах чухал заалт юм. Түүнчлэн хэн нэгний эд, эс, эрхтний авах зорилгоор амь насыг нь хөнөөх, хөнөөлөө гэхэд ашиглах боломж тун хязгаарлагдмал. Эмнэлзүйн шинжээрээ таарах, таарахгүй байх асуудал бий. Тиймээс энэ хууль гарснаар хүний эрхтний наймааны нөхцлийг бүрдүүлж байгаа зүйл биш.